Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны /МҮЭХ/ ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй хүмүүс өнөөдөр /2018.0.1.31/ мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын сантай хамтран “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлж, цалин хөлсийг 2019 он хүртэл царцаах, төрийн албанд нөхөн томилгоо хийхгүй байх шийдвэрүүдийг гаргаснаар хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 2.4,3.2,3.9 дэх заалтууд зөрчсөн байна. Иргэдийн өмнө үүссэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлүүлэх, Улсын хэлэлцээрийн дээрх гурван заалтыг хэрэгжүүлэхээр МҮЭ-ийн холбооноос тухай бүр мэдэгдэл, шаардлага албан бичгийг холбогдох яам, Засгийн газар, УИХ-д хүргүүлж жагсаал цуглаан зохион байгуулсны үр дүнд нэмэлт хэлэлцээрийг 2017 оны аравдугаар сарын 28-ны өдөр байгуулжээ.
Хэлэлцээрийн хүрээнд дараах таван асуудлыг шийдвэрлэлээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ‘Нэмэлт хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосонтой холбогдуулан эдийн засаг, иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлан 2018 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар хэлэлцэж тэтгэврийн нас, хувь хүний орлогын албан татвар , төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн юм. Харин Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хүрээнд доорх асуудлыг шийдвэрлэх боломжтой боллоо” гэв.
Тухайлбал,
- Хүнд, хортой, халуун нөхцөлд ажиллаж байгаа эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэрт гарах, хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтан өөрөө хүсвэл 55, эрэгтэй 60 настай тэтгэвэрт гарч болох өмнөх хуулийн хэрэгжилт хэвээр мөрдөгдөх нөхцөл бүрдлээ.
- Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхаар боллоо.
- Төрийн албан хаагчдын цалинг 2018 онд нэмэгдүүлэхээр нэмэлт хэлэлцээ хийхээр боллоо.
- Өргөн хэрэглээний АИ-92, А-80 төрлийн бензиний үнийг тогтвортой байлгахаар шийдвэрлэлээ.
- Төсвийн байгууллагуудын төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагаанаас орох орлогоор ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж болон нийгмийн хамгааллын бусад асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой болоод байна.
МҮЭХ-оос цаашид хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, ажиллагсдын цалинг нээгдүүлэх нэмэлт хэлэлцээрт орно. Бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгахад анхаарч, засгийн газрын шаардаж ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Э.Бурам