“Гандангийн” гэх хуурамч шошготой хэвийн боов худалдаалж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

“Гандангийн” гэх хуурамч шошготой хэвийн боов худалдаалж байна

“Гандангийн” гэх хуурамч шошготой хэвийн боов худалдаалж байна

Үйлдвэрлэсэн он сар, хаяг шошгогүй “Гандангийн шар тостой”  гэх хэвийн боов, ОХУ-д үйлдвэрлэсэн гэх өттэй хар чавга, хадгалах хугацаагүй савласан гүрмэл боорцог, зориулалтын бус газар хадгалсан хиам, гэрийн нөхцөлд гар аргаар хийсэн салат гэх мэт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн сар шинийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илэрсэн зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг өнөөдөр /2018.01.31/ танилцууллаа.

Хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 138 аж ахуй нэгж, 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудад хийжээ.

Шалгалтын явцад нийт 328 зөрчил илрүүлж, 204 зөрчил буюу 62 хувийг нь газар дээр нь арилгуулж, улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаарлага өгсөн байна. 

“Зөвшөөрөлгүй газар ууц чанавал 300 мянган төгрөгөөр торгоно”

Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.Нямдаваа

“Манай байгууллагаас сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж байна. Уг шалгалтын хүрээнд хамгийн гол нь нийтийн хоолны газруудад хүнсний түүхий эдийн гарал үүслийн бүртгэл хөтөлдөггүй зөрчил гарч байна. Мөн зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн талбайд гэр барьж, ууц, өвчүү чанадаг үйлчилгээг таслан зогсооно. Мөн сургууль цэцэрлэгийн гал тогоог ашиглаж, ууц, өвчүү чанах зөрчил нэлээд гардаг. Хэрвээ зөвшөөрөлгүй газар ууц, өвчүү чанасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэн хүнийг 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно. Учир нь эрүүл ахуй, ариун цэврийн наад захын стандартыг хангахгүй, ямар тоног төхөөрөмж байхгүйгээр зөвхөн мөнгө олох зорилгоор үйлчилгээ эрхлэх тохиолдол их байна. Тиймээс эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан, ус хангамжийн системд холбогдсон, зориулалтын тоног төхөөрөмжтэй газарт ууц, өвчүүгээ чануулахыг сануулж байна” гэдгийг тус газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.Нямдаваа хэллээ.

Зориулалтын бус газар хадгалсан хиам

Мөн өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 13 гүний хяналтын бүсээр нийт 22 улсаас импортлогдсон, 576 аж ахуйн нэгжийн 19608.6 тонн мал амьтан, ургамал тэдгээрийн гаралтай  хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон боловсруулсан хүнсний чанар, аюулгүй байдалд байнгын хяналт шалгалтыг хийж байгаа аж. 

Уг шалгалтын явцад найман зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулжээ. Тодруулбал, нийт 13 нэр төрлийн 7.6 тонн, 5320 ширхэг, 114.539.700 төгрөгийн дарсанд улсын байцаагчийн дүгнэлтийг хийж, устгажээ.

Үйлдвэрлэсэн он, сар, хаяг шошгогүй, гар аргаар хийсэн бүтээгдэхүүнүүд

Үйлдвэрлэсэн он, сар, хаяг шошгогүй, гар аргаар хийсэн бүтээгдэхүүнүүд

Гар аргаар хийж, бусад компанийн нэр, логог ашигласан хуурамч салат

Гэртээ гар аргаар хийсэн, хаяг шошгогүй бууз, банш

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж