Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн Улсын Ерөнхий прокурорын газарт өнөөдөр /2018.01.31/ боллоо. Уг зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудын ерөнхий прокурорууд оролцож мөрдөн байцаах, ял эдлүүлэх, хэрэг бүртгэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх прокурорын байгууллагын цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Тус зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Аливаа салбар байгууллагууд тухайн жилдээ ирэх жилийн зорилтуудыг тодорхойлох зөвлөгөөнүүдийг хийдэг. Энэ жилийн хувьд удирдах ажилтнуудынхаа хувь хүний хөгжилд анхаарах, нөлөө үзүүлэх зорилготой онцлог арга хэмжээ болж байна. Ер нь ажлын хариуцлага ур чадварыг дээшлүүлэх зорилгыг байнга дээшлүүлж ажилладаг. Прокурор хүн гэдэг ур чадвартай, шударга, хариуцлагатай байж гэмээнэ тэр хууль шударгаар ажилладаг. Энэ чиглэлээр сургалт зохион байгуулах талаар ярилцаж байна” гэж мэдээллээ.
Улсын ерөнхий прокурорын газраас өгсөн мэдээллээр шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо сүүлийн хагас жилд прокурор анхан шатны шүүхээр 4898, давж заалдах шатны шүүхээр 831, хяналтын шатны шүүхээр 188 хэргийг шийдвэрлэхэд оролцож санал дүгнэлт гаргажээ. Мөн прокурорын газрууд нь 2017 онд нийт 3335 мэдэгдэл бичсэн нь өмнөх оноос 308 буюу 10.8 хувиар өссөн байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 1649 удаа яриа таниулга хийсэн нь өмнөх оноос 37.2 хувиар өссөн байна.
Харин 2018 онд прокурор, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сахилга ёс зүй, ажлын хариуцлагад тавих шаардлагыг өндөржүүлэх чиглэлээр ажиллана гэдийг онцоллоо. Зөвлөгөөн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Э.Ариун