Ардчилсан намынхан маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд жагсаал хийхээр төлөвлөж байгаа билээ. Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат болон МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нар мэдээлэл хийв. Уг жагсаалыг МАХН дэмжиж оролцох аж.
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ :
-Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа сүр дуулиантай боллоо. Энэ Засгийн газрын 100 хоногт хийсэн 30 чухал ажилд нь бид судалгаа хийсэн. Энэ ажлын 80 хувь нь өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийсэн ажлуудыг оруулсан байна. Дээр нь ажил хийсэн дүр эсгэсэн. Жишээ нь С.Зориг агсны хэргийг илрүүлж, хариуцлага тооцсон гээд оруулчихсан байгаа юм. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн ажил биш. Харин Ц.Нямдорж захиалагчийг зарлана гэж байсан ч өнөөдрийг хүртэл алга. Сүржин мэдэгдэл хийж, даржин байдалтай байдгаа болимоор юм. Ц.Нямдорж 20 гаруй жил хууль зүйн сайд хийсэн. Энэ хүн таван удаа сайд хийхдээ монголын хууль зүйн салбарт ямар ахиц гаргасан бэ гэдэг нь бүрхэг харагддаг.
Засгийн газар ‘Чингис’ бондын өрийг дарлаа гэсэн. Гэтэл ‘Евро’ бондын 680 сая ам.долларыг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Өрийг өрөөр дарах ажилд өнөөгийн эрх баригчид гаршсан. Дандаа ОУВС-гийн нэр барьж шийдвэр гаргадаг. Ийм зүйлтэй санал нийлэхгүй байгаа. ‘Мянганы сорилын сан’-тай гэрээ хийсэн гэж байгаа ч нөгөө л өр нэмэгдүүлэх, гадаадын өрийн хэмжээг нэмэгдүүлсэн л асуудал боллоо. Шатахууны үнийн асуудлыг шийдсэн гэж байгаа ч хомсдол хэвээр байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.ЭРДЭНЭБАТ:
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амлалтаас амлалт руу шилжсэн цаг хугацаа байлаа. Олон нийтийн бухимдал бодит байдал болсон байна шүү. Эдийн засаг өссөн гэчхээд яагаад амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Үүний хариултыг бид маргааш жагсаал цуглаанаар нэхнэ. Бид маргааш 60 тэрбумын хариуцлага, буруу шийдсэн татварын нэмэгдлээ цуцлах, далд эдийн засаг бий болсонд хэн хариуцлага хүлээх вэ гэдгээ нэхнэ. 2012-2016 онд хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан, эрдэс баялгийн үнэ буурсан үед бид засаглаж байсан. Гэсэн ч бид баялаг бүтээгчдээ дэмжиж, орлого нэмэгдүүлэхийн төлөө ажилласан. Гэтэл энэ Засгийн газрын хийсэн гэж байгаа 30 ажлыг харах юм бол жижиг агентлагийн хэмжээний ажлууд харагдаж байна.
МАХН-ЫН ДЭД ДАРГА Ц.ОЮУНБААТАР:
-Улс орны эдийн засгийн хямрал, Засгийн газрын оновчгүй арга хэмжээг эсэргүүцэж энэ жагсаалд оролцоно. 2016 онд байгуулагдсан УИХ тарах ёстой гэдэг уриалгыг МАХН-аас гаргасан. Энэ парламент нэр хүндгүй байна. Хүчирхийлэгч, ёс суртахуунгүй, оффшорчид цугласан парламент болсон байна. Ард иргэдийн дийлэх нь УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байгаа учраас парламент тарах ёстой. Ардчилсан намынхан өөрсдөө үлгэрлэл үзүүлээд гишүүдээ татах байх гэж бодож байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:
-Хоёрдугаар сарын 1-нд Ардчилсан нам эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Сөрөг хүчин хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ. Жагсахын тулд бид жагсаагүй. Энэ олон татвар бизнес эрхлэгчдийн нуруун дээр хүнд ачаа болж байна. Татвар нэмлээ үнэ нэмэгдэнэ. Маргааш татвар бууруулна гэж байна. Ийм бодлого байдаг юм уу. Засгийн газрын алдаатай бодлогоос үүдэж иргэд хүнд байдалд хүрч байна. Ардын намын дотоод “зодоон” монголын хямрал болж байна. Тэд өнөөдөр 65 болчхоод гурав, дөрөв хуваагдаад зодолдож байна. Өнгөрсөн хоёр жил бол иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлсэн хоёр жил байлаа. Засгийн газарт мэддэг юм юу ч байхгүй. Яагаад татвар нэмж байгаа юм гэхээр ‘ОУВС нэм’ гэсэн гэдэг. Өөрийн гэсэн толгойгүй Засгийн газар байлаа. Давхар дээлтэй Засгийн газар байлаа. Жилийн өмнө юу ярьж байсан, хоёр жилийн өмнө юу ярьж байснаа мартсан хоёр жил байлаа. Бид мартамхай эрх баригчдад сануулсан жагсаал хийнэ. Хонь шиг номхон байх юм бол эрх баригчид ноолно. Иймээс хоёрдугаар сарын 1-нд хамтдаа улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулъя.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Жагсаалд хэдэн хүн оролцох вэ. Жагсаалд оролцох хүмүүст 30 мянган төгрөг тараана гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?
-Жагсаалд хэдэн хүн оролцох талаар урьдчилсан тооцоо хийх боломжгүй. Жагсаал ард иргэдийн хүсэл сонирхол дээр тулгуурлаж явагддаг. Хүн бүрт 30 мянган төгрөг өгөх мөнгө Ардчилсан намд байхгүй. Мөнгөөр хүмүүсийг цуглуулж, шоу хийх зорилго Ардчилсан намд байхгүй. Энэ бол нөгөө л эрх баригч намын гүтгэлэг байх.
-УИХ-ыг тараах асуудал хөндөгдвөл та бүхэн бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн үү?
-Сонгогчид энэ УИХ-ыг тараая гэж үзвэл бид бүрэн эрхээсээ татгалзаж болно.