“Хааны эрэлд” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Хааны эрэлд” өндөрлөлөө

"Khaan Quest 2011" олон улсын эхнийг сахиулах ажиллагааны хамтарсан хээрийн сургалт, дадлага өнөөдөр өндөрлөлөө. "Таван толгой" дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон энхийг сахиулагчдын олон улсын дадлага сургалтын хаалтын арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Жонатан Эдлтон нар оролцлоо.

Энэ жилийн Энхийг сахиулах ажиллагаанд  Монгол, АНУ, Австрали, БНСУ, Канад, ХБНГУ, БНЭУ, Индонез, Япон, Сингапур зэрэг улсууд оролцогчоор, ОХУ, БНХАУ, БНФУ, ИБУИНВУ, БНСВУ зэрэг улсууд ажиглагчаар, нийт 16 орны 1100 орчим цэрэг дайчид оролцсон юм. Тэд 14 хоногийн турш энхийг дэмжих ажиллагааны бэлтгэл болгон дайн байлдааны халуун цэгт өртсөн ард иргэдэд хоол хүнс, эм тариа зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, шархадсан хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг олон  даалгаврыг бодит мэт биелүүлж, харилцан туршлага солицсон юм.

Энэ жилийн сургалтын хүрээнд хүмүүнлэгийн тусламж болгон Хан-Уул дүүргийн IX хорооны өрхийн эмнэлгийн өргөтгөлийг барьж, хүлээлгэн өгсөн байна. Сургалт, дадлагын хүрээнд НҮБ-ын штабын офицерийн дамжаа, эмнэлгийн бэлэн байдлын сургууль, хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаа, тактикийн хээрийн сургууль, команд штабын сургууль зэрэг сургалт, үйл ажиллагаа зохион байгуулагдсаныг Зохион байгуулагчид хаалтын ёслолын үеэр онцолж байлаа. Энэхүү сургалт, дадлага нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааг нэмэгдүүлэх, мөн энхийг сахиулах ажиллагааны бүс нутгийн сургалтын төв байгуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой  зохиогддог билээ. Ингэснээр “НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа томоохон арга хэмжээ болдог” хэмээн оролцогчид ярьж байлаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж