Нийтийн тээвэр ашигтай ажиллаж байна гэхэд хэцүү гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэр ашигтай ажиллаж байна гэхэд хэцүү гэв

Нийтийн тээвэр ашигтай ажиллаж байна гэхэд хэцүү гэв

Нийтийн тээврийн үйлчилгээ ухаалаг системд шилжээд гурван жил өнгөрчээ. Ямартай ч энэ салбарт нэг ахиц гарч, кондуктор “мөнгөө өг” хэмээн хэл ам хийдэг байсан үе өнгөрч, нэгэн дэвшилтэт технологи орж ирсэн нь нийтийн тээврийн “смарт” карт байсан юм. Ухаалаг үйлчилгээ нэвтрээд удаагүй байх үед нэгэн бэрхшээл гарсан нь бутархай мөнгөний хомсдол байлаа.“Мөнгө задлах уу” хэмээн автобусны буудлын ойролцоо явах хүмүүс тэр хавийн түргэн үйлчилгээний цэгүүд болон дэлгүүрүүдийн орлогыг нэлээд нэмээд амжсан. Өнөөдөр 931 автобусны буудал нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байна.

Ухаалаг системд шилжсэнээр нийтийн тээврийн бүх төлбөр, тооцоо цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс өмнө мөнгөө төлөхгүй, олны дунд чихэлдэн туулайчлан явчихдаг хүмүүстэй олон таарч байв. Харин карт уншуулдаг болсноос хойш мөнгөө төлж байгаа мэтээр хуурдаг хүмүүс бүр олширсон гэнэ. Тухайлбал, хүүхдийн 200 төгрөг төлдөг картаар насанд хүрэгчид зорчих нь энүүхэнд. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэлэхийн аргагүй ганган хээнцэр хүмүүс энэ төрлийн картаар үйлчлүүлж байх юм. Энэ мэтчилэн нуугдмал туулайчлан явах хүмүүс олонтой. Энэ талаар албаны хүнээс мэдээлэл авлаа.

Улаанбаатар “Смарт Карт” ХХК-ийн хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал

-Нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг болгосноор ямар дэвшил гарсан гэж үзэж байна?

-Дэлхийн томоохон хотуудын  нийтийн тээврийн бүх төлбөр  тооцоо нь цахим хэлбэрээр төлөгдөөд явдаг. Монгол улсад 2014 оноос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг болгох төсөл хэрэгжиж, 2015 онд албан ёсоор нийтийн тээврийн үйлчилгээний цахим хэлбэрийн карт нэвтэрсэн. Нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэд төрөл бүрийн нийтийн тээврийн үйлчилгээнд дамжиж суухдаа нэг карт ашиглах боломжтой. Хэрэв манай улсад  метро, тусгай замын автобус нийтийн тээвэрт яваад эхлэх юм бол бүгдэд нь нэг картаар зорчих боломж бүрдэнэ. Системийн нэгэн чухал ач холбогдол нь нийтийн тээврийн төлбөр, тооцоог ил тод болгож, зүй бус зарцуулалтыг зогсоосон явдал юм.

-Одоогоор карт цэнэглэх хэдэн цэг ажиллаж байна вэ?  Автобусны буудал бүрд хүрэлцээтэй байж чадаж  байгаа юу?

-Манай компани  500 цэнэглэх цэг байгуулах гэрээтэй. Гэсэн хэдий ч  нэмэлт хөрөнгө оруулалтаар 600 орчим цэнэглэх цэг байгуулахыг зорьж ажиллаж байгаа. Одоо бол 510 орчим цэг ажиллаж байна. Бид  түргэн үйлчилгээний цэг /түц/,  дэлгүүрүүдтэй гэрээ хийж ажиллаж байгаа учраас тэд дурын цагтаа хааж, нээх цэнэглэхгүй байх асуудлуудыг үүсгэдэг. Муу ажиллаж байгаа цэгүүдийн гэрээг цуцлаад илүү сайн ажиллах хүмүүстэй гэрээгээ сайжруулаад хийгээд явж байгаа.  Ер нь энэ тоог цаашид нэмэхэд анхаарна.

-Иргэд нэг үеэ автобусны урд хаалгаар орж картаа уншуулаад, гарахдаа хойд хаалганы дэргэдэх төхөөрөмжид уншуулан, картаа идэвхтэй ашигладаг болсон байна. Одоо зөрчил гарсан хэвээр байгаа юу?

-Иргэд  одоог хүртэл бэлэн мөнгийг шууд жолоочид өгөөд зорчих, туулайчил явах  тохиолдол их байна. Энэ зөрчлийг гаргаснаар зөрчлийн тухай хуулиараа тухайн иргэн, жолооч 10.000 төгрөгөөр торгуулах журамтай байгаа. Мөн оюутан мөртлөө хүүхдийн картаар явах зэрэг ийм төрлийн зөрчил гаргасан хүний картыг хурааж авах арга хэмжээ авах давхар зөрчлийн тухай хуулиар торгох журамтай. Цаашдаа гэрээт цэгийн тоог нэмээд, картын төрлийг нэмэхээр ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ цахим системд шилжсэнээс хойш энэ салбарын орлогод өөрчлөлт орсон эсэх талаар нийтийн тээврийн албаны хүнээс мэдээлэл авлаа.

Нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Нийтийн тээврийн үйлчилгээ шинэчлэгдэхээс өмнө автобус компаниуд өдөрт хэдэн хүн тээвэрлэснээрээ ашиг олдог байсан. Харин 2015 онд хийсэн шинэчлэлээр автобус компаниуд иргэдэд цагаар үйлчилж эхэлсэн. Автобус компаниуд шугамаас олж байгаа орлогоо 100 хувь нөхөж чаддаггүй. Компаниуд орж ирсэн орлогоороо зөвхөн үйл ажиллагааны зардлаа л зохицуулж байна.

Манайд 1200 гаруй автобус бүртгэлтэй байгаагаас өдөр бүр 930-940 автобус иргэдэд үйлчилдэг. Тэгтэл 1200 автобусны 80 хувиас дээш хувь нь наймаас дээш жилийн насжилттай байна. 12 жил хүрэхээр нийтийн тээврийн үйлчилгээнээс хасдаг. Одоо байгаа автобуснууд дөрвөн жилийн дараа үйлчилгээнээс хасагдана гэсэн үг.  Насжилт өндөртэй автобус засвар үйлчилгээ их шаардана, тэр хэмжээгээрээ зардал мөнгө шаарддаг. Оны өмнө дизель түлшийг бөөний үнийн нэг литрийг 1400 төгрөгөөр авч байсан. Харин одоо 1800 төгрөгөөр авч байна. Гэтэл өдөрт нийтийн тээврийн салбарт ойролцоогоор 80 мянган литр түлш зарцуулдаг гээд бодохоор ашигтай ажиллаж байна гэж хэлэхэд хэцүү. Уг нь нийтийн тээврийн орлого хангалттай сайн байвал заавал улсын төсвөөс мөнгө авахгүй байх боломжтой. Тодорхой хэмжээний зардлын зөрүүг улсын төсвөөс авдаг. Өнгөрсөн жил улсын төсвөөс 50 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ жил 54 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Нийтийн тээврийн орлого хангалттай сайн байвал заавал улсын төсвөөс мөнгө авахгүй байх боломжтой. Гэхдээ иргэд нийтийн тээврээс илүү хувийн машинаар явж байгаа учраас орлого алдах нэгэн шалтгаан болоод байна” гэж байв.

Харин иргэд нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг болсонд сэтгэл хангалуун байгаа ч, карт цэнэглэх цэг хангалттай биш байгааг хэлж байна. 

А.Ирээдүй “Автобусны картаар ихэнхдээ зорчдог. Картаа жил гаруй  ашиглаж байна. Карт цэнэглэх цэг  зарим буудал дээр байдаггүй. Мөн  өглөө эрт онгойгоогүй байх нь хүндрэлтэй бусдаар бол кондуктор мөнгө нэхэж загнахгүй амар байна” гэв.

Д.Ундрам “ Би өөрөө сурагч болохоор хүүхдийн картаар явдаг. Хотын зах руу карт цэнэглэх цэг цөөхөн байдаг. Хааяа бүр цэнэглэх цэгүүдэд цэнэглэх мөнгө нь дууссан байхтай олон тааралдсан.Тиймээс аль болох зорчигчдыг хүлээлгэлгүй тэр дор нь цэнэглэдэг байвал зүгээр” гэв.

Нэрээ нууцлахыг хүссэн иргэн “Автобусаар зорчих болгондоо бэлэн мөнгө хэрэглэхгүй болсон нь нэг том дэвшил гэж бодож байна.Зарим автобусанд  дамжин суулаа гэж хэлдэггүй. Цэнэглэх цэгүүд овоо дээрдсэн байна лээ. Офицерт байдаггүй байсан чинь нэмэгдсэн байсан шүү” гэж байлаа.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж