Тус компани мэдэгдэлдээ, Фэйсбүүк шинэ технологиудыг нэвтрүүлэхэд татгалзахгүй боловч цахим валютын гүйлгээтэй холбоотой үйл ажиллагааг дэмжихгүй гэжээ.
Биткойны ханшийн огцом өсөлттэй холбоотой шинэ цахим валют борооны дараах мөөг шиг олноор бий болж байгаа юм. Фэйсбүүк компани мөн криптовалютын сурталчилгаа болгоныг нэг бүрчлэн хянах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, цахим хэрэглэгчдээс нийгмийн сүлжээнд тавьсан криптовалютын элдэв зар сурталчилгааны талаар мэдээлэхийг уриалсан байна.
Фэйсбүүк компанийн бизнесийн менежментийн захирал Роб Литерн мэдэгдэлдээ “Бид хэрэглэгчдээс Фэйсбүүк сүлжээнд буй криптовалютын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх сурталчилгааг олж илрүүлэн, бидэнд мэдээлж, хамтран ажиллахыг уриалж байна. Криптовалют, ICO зэрэг чиглэлээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй маш олон компани бий. Тухайлбал ICO гаргагчид үйлчлүүлэгчээс шинэ тутам гарч буй криптовалют худалдан авахыг ятгаж, уг цахим мөнгөний ханш биткойн шиг өсөх үед асар их ашиг олно гэж сэнхрүүлдэг. Гэхдээ тэдгээр криптовалют гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болж, хөрөнгө оруулагчдыг луйвардах нь элбэг” гэжээ.
Фэйсбүүк компани өнгөрсөн онд ОХУ-ын улс төрийн суртал ухуулга болон зохисгүй мэдээ контентыг байршуулахыг хориглосон билээ.
Эх сурвалж: BBC