-Засгийн газрын тогтворгүй байдлыг үүсгэх замаар УИХ-ыг тараах сонирхол Ардчилсан намд болон Ерөнхийлөгчид байж мэдэх юм-
Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах асуудлаас болж, УИХ дахь МАН-ын бүлэг албан бусаар 32-ын болон 33-ын бүлэг гэж хуваагдсан. Хэдийгээр өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард хуралдсан МАН-ын Их хурлын дараа эрх баригчдын ил цагаан талцал намжсан ч, тэдний хооронд үүссэн ан цав хэвээр байгааг шинэ оны өмнө болсон Алтансарнай наадмаас нь харагдаж байсан.
Тэгвэл өнгөрсөн Даваа гаригт хийсэн, бүтээсэн ажлынхаа тайланг тавьж, танхимынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулсан У.Хүрэлсүхийн засгийн тоолуур гүйж эхэлснийг Засгийн газрын хэвлэлийн хуралтай зэрэгцээд сөрөг хүчний зүгээс зарласан хэвлэлийн хурлаас харж болохоор байв.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “У.Хүрэлсүхээс юу ч хүлээх хэрэггүй” гэж хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн бол нарийн бичгийн дарга О.Магнайгийн өгсөн “У.Хүрэлсүх нүүрс, зэсийн наймааг атгах гэж Ерөнхий сайд болсон” гэх мэдээлэл нь Ардчилсан намын оролцоотойгоор Мэргэжлийн засгаа унагааж, Ардын засаг байгуулсан У.Хүрэлсүхэд сөрөг хүчний дэмжлэг нь байхгүй болсны илэрхийлэл юм. Сөрөг хүчний зүгээс маргааш /2018.01.31/ Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулахаа зарлаад байгаа билээ. Саарал ордноос сар шинийн дараа У.Хүрэлсүхийн засгийг унагаах ‘даалгавар’-ыг Ардчилсан намд өгсөн гэх мэдээлэл ч байна. Үнэндээ Ардчилсан намын хувьд Ардын засаг муу, Ардын нам засаглаж чадахгүй л байвал ашигтай.
Иймээс өнөөдөр У.Хүрэлсүхийн засгийн хувь заяа МАН-ын 32-ын гарт ирсэн гэсэн үг. Мэргэжлийн засгийг огцруулахад МАН-ын 33-ын бүлгийн ихээхэн дэмжлэг У.Хүрэлсүхэд нэмэр болсон бол эсрэгээрээ энэ бүлгээс түүнийг огцруулах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. Засаг болгоныг сав л хийвэл эсэргүүцэж ирсэн Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ч.Улаан нараас эхлээд Ардын засгийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур болсон гишүүд 33-ынх нь бүлэгт нь ч байна.
Иргэдээ ядуурлаас гаргаж, эдийн засгаа хямралаас аварч, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засна гэсэн амлалт өгч, 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болсон МАН ийнхүү 31 дэх Ерөнхий сайдын эрэлд мордож, гурав дахь засгаа байгуулж магадгүй дүр зураг харагдаж эхэллээ.
Мэдээж, УИХ-д 9 суудалтай Ардчилсан намын хувьд “тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй”. Гэхдээ тэдний ар дахь асар том зорилготой, Үндсэн хуулийг өөрчлөлтийг чиглэсэн улс төр У.Хүрэлсүхийн засгийг чиглэжээ. Хэрэвзээ АН-ын өрдсөн гал дээр МАН-ын 32-ын бүлэг тос нэмбэл, У.Хүрэлсүх яаж гарч ирсэн тэр замаараа сурсан дуугаа аялаад буцаж магадгүй юм. Тиймээс У.Хүрэлсүх энэ удаад М.Энхболдын фракцитайгаа эвсэх нь засгаа хамгаалж үлдэх цор ганц арга гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй.
Үүний тулд тэр Ерөнхийлөгчтэй барьсан гараа тавихаас өөр сонголтгүй болсон гэсэн үг. Учир нь У.Хүрэлсүхийн дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэсэн яриа ч саарал ордны зүгээс тарааж буй нь санамсаргүй зүйл биш болов уу.
Гэхдээ У.Хүрэлсүх унах хийгээд унагаах улс төрийн тогтворгүй байдал үүсгэх нь Монголын эдийн засаг, нийгэмд сайн зүйл авчрахгүй. Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгох замаар УИХ-ыг тараах сонирхол Ардчилсан намд болон Ерөнхийлөгчид байж мэдэх юм. Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэх болсныг Ардчилсан нам ч алга ташин балиашиглаж буй. Тиймээс засгаа огцруулж, Ерөнхийлөгчийн занганд унах уу, Ерөнхий сайдаа авч үлдэх үү гэх сонголттой МАН нүүр тулж байна. Өөрөөр хэлбэл, эмээлийн хоёр бүүрэг шиг болсон эрх баригчдад энэ удаад эх орны эрх ашгийн төлөөх эв нэгдэл юу юунаас ч чухал болжээ. Ингэж чадвал Ерөнхийлөгчийн засаглал гэх Ерөнхийлөгчийн улс төрийг сөрж чадна. Ардын засаг огцорлоо гээд ард түмэнд ашиггүй. Гагцхүү МАН ч, АН ч засаглаж чаддаггүй гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлж, парламентын засаглалыг муухай харагдуулах нь ганцхан хүнд ашигтай. Тиймээс тэр УИХ-ыг тараая гэсэн улс төрийн акц явуулаад эхэлсэн нь тэнэг хүн хараад ч ойлгохоор байгаа.
Ж.ЭРХЭС