Улаан асрын зүүд (38-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (38-р бүлэг)

Улаан асрын зүүд (38-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Гучин наймдугаар бүлэг

ЛИНЬ ШЯО ШЯН, УДВАЛ ЦЭЦГИЙН ШҮЛГЭЭР ОХЬ МАНЛАЙГ БУЛААЖ, ШЮЭ ХӨН Ү НАЙМАЛЖИЙН ДУУЛАЛД ХОРОН ҮГ НИЙЛҮҮЛЭВ

Өгүүлэх нь: Бао Чай, Шян Юнь хоёр дараагийн ажлаа хэлэлцэж тогтоод унтав. Маргааш нь Шян Юнь, Жя Мү нарыг урьж гавир цэцгийн хүрээлэнг сонирхуулав. Жя Мү нар “Тэр харин их баяртай байна. Бид урмыг нь хугалж болохгүй” гэцгээв. 

Үдийн алдад Жя Мү, Ван Фүрэнь, Фөн Же нарыг дагуулан Шюэ Имаг урьж хүрээлэнд орж ирэв. Жя Мү:

-Хаана дээр вэ гэж асуусанд, Ван Фүрэнь:

-Лао тайтай хаана дуртай бол тэндээ бэлтгэ гэв. Фөн Же: “Оу Шян шед бэлтгэчихсэн байгаа. Тэр уулын хормой дахь хоёр суурь гавир цэцэг их сайхан дэлгэрсний дээр, голын ус бас хөхрөн туналзах тул гол дотор танхимд суувал саруулхан биш үү. Ус нь үнэхээр гайхалтай тунгалаг шүү” гэв. Жя Мү: “Сайн байна” гээд бусдыгаа дагуулан тийш явав. Энэ байшин бол нуурын дунд барьсан, дөрвөн талдаа цонхтой, хоёр талаараа саравчин гудамтай, ус сундалж, оргилтой нийлсэн бөгөөд араараа зориудын муруй саруй гүүртэй ажээ. Бүгдээр хулсан гүүр дээр гартал Фөн Же Жя Мүг сугадан “Та минь, санаа амар алхагтүн. Энэ хулсан гүүр тэртэй тэргүй чихар чихар дуугардаг юмаа” гэж тайвшируулав. Төдөлгүй мөнөөх Оу Шяншед орвол хашлагын гадна хоёр хулсан ширээ зоож нэг дээр нь архи, хундага мэтийг тавьж, нөгөө дээр нь цай, пял таваг оржээ. Тэртээ талд хоёр гурван шивэгчин охин зуух дэвүүрдэн цай буцалгаж, энтээ талд бас хэдэн охин архи халааж байв. Жя Мү инээж: “Энэ цайг үнэхээр сайхан хийжээ. Эндэхийн юм бүхэн цэвэр байна” гэж магтав. Шян Юнь: “Бао эгч надтай хамжин бэлтгэсэн юмаа” гэв. Энэ үгийг дуулаад Жя Мү: “Би тэр охиныг ажигч гярхай, алив явдлыг эвтэй сайхан бүтээдэг гэж боддог юм” гэсээр тулгуурт өлгөсөн шүлгийг хараад: “Алив үүнийг уншаатах” гэв.

Лянхуа цэцгийн гоё сүүдэр ариун сэлүүр дор бүдгэрч

Лянхуан үндэсний сайхан үнэр хулсан гүүрнээс ханх татна гэж уншина.

Жя Мү тэнд байх илэрхийллийг хараад гэдрэг эргэн Шюэ Имад:

-Намайг бага байхад, манайд ийм нэг танхим байсныг Жэнь Шя гө гэж дуудаг байсан санагдана. Би тэр үед мөн л эдгээр охидын л хавьцаа байсан байх. Хэдүүл бүр очиж наадна. Нэг өдөр тоглож байгаад санаандгүй хөл алдаж усанд ойчоод, үхэх шахлаа. Татаад гаргахдаа, толгойг минь цөмөлчихлөө. Одоо энэ шанаан дээрх хуруу дарам хонхорхой түүний гэрч нь юм. Усанд унаад салхи цохиулсан тул бүгдээр зовниж, гэм согог сууна энэ тэр гэж байсан боловч ажраагүй шүү гэж хууч хөөрөв. Фөн Же ам урьтаж,

-Тэр үед үхсэн бол одоогийн энэ их буяныг хэн эдлэх байсан бол. Манай буурай эмээ, багаасаа л буянтай байсныг энүүхнээс ч мэдэж болно. Бурхан, тэнгэр элчээ томилж толгойг чинь цөмөлж хишиг буян, насан хутгийг тогтоон агуулахад бэлтгэсэн хэрэг. Цагаан өвгөн угаас нэг хонхорхойтой байсан боловч түмэн буян түгээмэл хишгийг агуулсаар харин ашиг болон товойжээ гэв. Жя Мү нар элгээ хөштөл хөхрөлдөв. Жя Мү:

-Энэ өлөгчнийг эрхлүүлсээр байтал надаар хүртэл наадам хийдэг болох юм. Усан гулгуур уруулыг чинь, улайсгасан төмрөөр хайрсугай би… гэсэнд Фөн Же:

-Буурай эмээгээ баахан хөхрүүлж, доторх сэрүүн амьсгалыг нь гарган баясгавал, мөд хоёр наймалж илүү идсэн ч гэм болохгүй гэсэн юм гэв. Жя Мү инээж: 

-Маргааш чамайг өдөр шөнөгүй дэргэдээ байлгаж гэрт чинь хариулахгүй болговол би харин дандаа баясаж хөхөрч байх юм байна гэсэнд Ван Фүрэнь:

-Лао тайтай түүнд хайртай болохоор эрхлүүлсээр байгаад ийм болгожээ. Ингэж ярьсаар байгаад цаадах чинь улам ч ёсгүй аашлах болно доо… гэтэл Жя Мү инээж: 

-Би харин энүүний ийнхүү үнэн дүрээ илчлэхэд дуртай. Энэ чинь их багыг ялгахгүй хүүхэд бишээ. Гаднын хүнгүй үед бүсгүй бид өөр зуураа тоглож наадах, хөхөрч шуугих яахав. Их ёсны алдаа гаргахгүй л байвал боллоо. Эдэндээ нэг их жихүүн хүйтэн царай гаргаад юу хийнэ гэв.

Тэд ийн ярилцсаар танхимд оров. Тэдэнд цай барьсны дараа Фөн Же санд мэнд хундага, савх өрж, дээд ширээнд Жя Мү, Шюэ Има, Бао Чай, Дай Юй, Бао Юй нарыг суулгав. Зүүн захын ширээнд Шян Юнь, Ван Фүрэнь, Ин Чүнь, Тань Чүнь, Ши Чүнь нар суув. Баруун талын ширээнд Ли Вань, Фөн Же нарт суудал зассан боловч тэд суух завгүй Жя Мү, Ван Фүрэнь нарын ширээнд сөн түшиж яарна. Фөн Же

-Наймалж их авчрах хэрэггүй. Жигнүүр дотор тавьж, бага багаар авчраад идэж дуусахаар дахиад авчирна биз гэв. Тэгээд гараа угааж, Жя Мүгийн дэргэд суугаад наймалжийн мах ялгаж өгнө. Шюэ Имад бас арилгаж өгөх гэсэнд цаадах нь: “Өөрөө арилгаж идэхэд амттай байдаг юмаа. Надад битгий арилга” гэв. Тэгээд Фөн Же, Бао Юйд арилгаж өгөв. Дараа нь “Архиа сайхан халаагаад авчир” гэхийн хамт бага инж нарыг “Удвалын навч, гавирын гэсрээр утсан ногоон буурцагны гурил авчирч тавь” гэж тушаав. Шян Юнь хоол идэж байснаа босож, дотор гаднахыг зохицуулсанаа, Жао Инянд хоёр пял хоол явуулав. Фөн Же хүрч ирээд,

-Чи эдний эвийг олохгүй. Би янзалж өгье. Чи ч гэсэн суугаад хоолоо ид. Тэр Юань Ян, Пин Эр та нар сууцгаа гэсэнд, Юань Ян: “Эр найнай энд янзалж байгаа юм бол бид хоолоо идэлгүй яахав” гэв. Фөн Же: “Эндэхийг би мэдье. Та нар суугаад идэхээ мэд” гэсэнд цаадуул нь сууцгаав. Фөн Же энэ тэрийг янзалж хоол зөөлгөж байгаад саравчин дор очсонд наймалж амтархан идэж байсан Юань Ян: “Өө өнөө найнай чинь хүрээд ирлээ. Бид нэг түр амар байя гэсэн юмсан” гэж алиалсанд цаадах нь:

-Энэ Юань Ян охин улам л бүтэхгүй болж байна шүү. Би чиний оронд зарагдаж байхад талархахгүй харин зэмлэж байна шүү. Алив над нэг архи аягалаад өгөөтөх гэсэнд Юань Ян сандран архи барив. Хүүе гэхийн завдалгүй мөнөөх архийг балгаж орхисонд, цаадуул нь дахиад нэгийг баривал бас л уучихав. Пин Эр наймалж арилгаад авчирч өгвөл Фөн Же: “Гаатай исхүлэнг илүүхэн хий” гэж хийлгэж авч идээд: “Та нар идтүгэй, би явтугай” гээд холдов. Юань Ян инээж: “Яасан ичдэггүй юм бэ, бидний юмыг идэхдээ” гэтэл Фөн Же: “Чи надтай хэрэлдэх хэрэггүй. Лянь Эр Еэ чамд сэтгэл алдаад, Лао тайтайгаас чамайг гуйж бага эмээ болгох санаатай байгааг чи мэдэж ав” гэсэнд цаадахын нь царай улайж, нэг шогширсоноо, айдаа мөн юу ч гэхэв. Энэ чинь найнай хүний амнаас гардаг үг мөн үү. Үүний нүүрийг будах юмсан” гээд ухасхийн бостол: “За эгч минь, намайгаа өршөөчихөө” гэж гуйв. Ху По инээж: 

-Юань охин очиход хүрвэл, Пин охин зөвшөөрнө үү. Хараач дээ, та минь ээ, хоёр наймалж идээгүйгээр харин нэг таваг исхүлэн уучихжээ”1 гэв. Наймалж арилгаад барьж байсан Пин Эр түүнийг энэ мэт хорсгохыг сонсоод: “Хэл нь татсан муу жоохон өлөгчин чамайг” гэж хараан, наймалж барьсан гараа Ху Погийн нүүр рүү дөхүүлэв. Цаадах нь хажуу тийшээ огцом зайлтал, Пин Эр хийд саравганасан хүчиндээ Фөн Жегийн хацар дээр түрхчихэв. Яг Юань Янтай наадан инээлдэж байсан Фөн Же цочиж, дуун алдсанд бүгд хөхрөлдөв. Фөн Же:

-Үхэж байсан муу янхныг хараач. Нүд чинь сохроо юү гээд инээв. Юань Ян “Еэ бурхан минь, үнэхээр тэнгэр харжээ” гэв. Жя Мү тэдний яриа хөөрөөг дуулсан бололтой:

-Ингэтлээ баярлах гэж байхуу ер. Энд бид сонссон шүү гээд хөхрөх чимээ гарав. Юань Ян нар хөхрөлдөж:

-Эр найнай ирж наймалж булааж идээд… тэгсэн чинь Пин Эр уурлаад, эзнийхээ нүүрэнд наймалжийн шарыг түрхсэн юм. Эзэн боол хоёр эвдрэлцэж байна гэж хошигнон хэлэв. Жя Мү, Ван Фүрэнь нар хөхрөлдөв. Жя Мү:

-Хөөрхий ч болдоо, шийр толгойноос л бага сага өгч идүүлмээр улс юм даа гэв. Юань Ян нар “За” гэж хүлээж авав.

-Шилбэ, шийр ширээ дүүрэн байна. Эр найнай идэхээ мэдтүгэй гэж Юань Ян чанга хэлэв. Фөн Же хөхөрч:

-Нүүрээ угааж ирээд ахмадуудаа асрахын хамт түүнийг идүүлье гэв.

Дай Юйн бие ядруу тул их иддэггүй. Мөч махнаас амсаад дээрээс бууж ирэв. Энэ хэр Жя Мү нар ч гараа угааж эхлэв. Зарим нь цэцэг хуар үзэж, зарим нь загас, ус харж наадацгаав. Ван Фүрэнь, Жя Мүд: “Энд салхи ихтэй юм. Та сая бас хоол идлээ. Лао тайтай дотогш орж амрахгүй юү. Өнөөдөр таатай байвал маргааш ирж зугаалаарай” гэж хэлэв. Жя Мү:

-Болж байна, болж байна. Би явъя гэвэл та нарын урмыг хугалж магадүй гэж бодсон юмаа. Ер нь бүгдээрээ явцгаавал яасан юм бэ гэж асуув. Тэгээд Шян Юньд: “Бао ахдаа их юм битгий идүүлээрэй, хоол хэдий амттай ч гэсэн төдий л сайн юм биш шүү. Их идвэл наад зах нь гэдэс өвдөнө шүү” гэж аминчлан захив. Нөгөөдүүлийг үдэж явуулав.

Дахиад хоол авчрав. Ширээг хурааж дахин засах гэв. Бао Юй: “Дахиж засаад яах юм бэ. Бид одоо шүлэг зохионо. Тэр том дугуй ширээг тавиад, дээр нь ногоо архи юмаа тавь. Бүгд тарж суугаад идэх нь идэж, уух нь ууж, бичих нь бичиж суувал зүгээр юм бишүү” гэв. Дай Юй: “Энэ зүйтэй үг байна” гэсэнд Шян Юнь: – хэдий тийм боловч бусдыгаа яах юм бэ гээд дахин ширээ засуулж, Ши Рэнь, Цүй Мо болон бусдыг ширээнд суулгав. Уулын бэлдэх гавирын модны дор хоёр эрээн танз дэвсэж, зарц бүсгүйчүүл, бяцхан инж нарыг цөмийг суулгаад: “Дураараа идэж уу. Дуудсан цагт ирээрэй” гэв.

Шян Юнь шүлгийн сэдвийг хэрэм дээр өлгөсөнд бүгдээр: “Шинэ сонин байна. Ганцхан зохиож чадахгүйгээс л зовно” гэцгээв. Шян Юнь бас цохилго тааруулахгүйн ёс зүйг хэлж өгөв. Бао Юй: “Энэ зөв ёс байна. Би бас цохилго тааруулахад дургүй” гэв. Харин Дай Юй архи ууж, юм идэлгүй, хашлага түшиж суугаад загас гөхдөнө. Бао Чай гартаа нэг гавирын цэцэг бариад тоглоно. Гавирын гэсрийг авч усанд хаясанд усанд наадаж байсан загас дээш гарч ирээд ус тамшаална. Шян Юнь загас харахын хамт Ши Рэнь нарыг хоол идэхийг шаардана. Тань Чүнь, Ли Вань нар унжгар удын сүүдэрт дэглий харан зогсоно. Ин Чүнь ганцаар цэцгийн сүүдэрт малига цэцгийг зүүгээр шивж зогсоно. Бао Юй, Дай Юйг загас гөхдөхийг хараад, Бао Чайн дэргэд очиж ганц хоёр шог үг хэлээд, Ши Рэний наймалж идэхийг үзэж, хань болон хоёр хундага архи уусанд цаадах нь хэсэг мах арилгаж идүүлэв. Дай Юй загас гөхдөхөө болиод ширээний дэргэд тэргүүлэгч цэцгийн хээтэй бяцхан хар мөнгөн хувингаас хайтан хэлбэртэй бяцхан өөхөн чулуун хундага нэгийг автал инж нь үзээд түүнийг архи уух нь гэж бодоод хийж өгөх гэсэнд Дай Юй: “Та нар тэндээ идэцгээ. Би өөрөө хийж уувал сонин болой” гэсээр хагас хундага хийж аваад үзвэл дарс байсанд цааш тавиад наймалжаас багаахан идсэнд дотор ялимгүй өвдөх шинжтэй байна. Халуухан хар архи ууя гэж хэлэв. Бао Юй явж: “Хар архи байна уу” гээд хамтатгах цэцэг дэвтээсэн архинаас халаалгаж авчрав. Дай Юй амсаад л тавив. Бао Чай ирж бас нэг хундаганд хийлгэж оочоод тавив. Бийрээ нэг нийлчихээд, хананы дэргэд очиж “Удвалыг мөрөөдсөн нь” гэснийг дарж орхиод, дор нь Хөн гэсэн үсэг бичив. Бао Юй: “Сайн эгч минь ээ, би хоёрдугаарыг аваад дөрвөн мөр биччихсэн шүү. Цааш нь бичих гэж байна” гэсэнд Бао Чай инээж: 

-Би нэг юм бодож байхад, чи сандарч яана даа… гэсэнд хэн ч дуугарсангүй. Тэнд Дай Юй, бийр авч наймд бичигдсэн “Удвалаас асуусан” гэснийг дарснаа, арван нэгд байгаа “Удвалын зүүдэн” гэснийг бас дараад Шяо гэж бичиж тавив. Тань Чүнь босож “Энэ “Удвалыг хатгасан нь” гэснийг бичсэн хүнгүй шив дээ. Би бичье” гээд Бао Юйг харж, дотоод ордон гэх үг хэрэглэж болохгүй гэж сая хэлсэн шүү. Чи түүнийг бодоорой гэв. Шиян Юнь хүрч ирээд дөрөв, тавын “Удвалын зүг”, “Удвалыг тавьсан” хоёрыг дараад, Шян гэсэн үсэг бичиж тавив. Тань Чүнь: “Чи ч бас нэг нууц нэр хэрэглэх хэрэгтэй” гэсэнд цаадах нь инээж: 

-Манайд одоо бас хэдэн айл хашаа хүрээ байх боловч би суудаггүй учир нэрээр нь цоллосон ч утга учиргүй болой гэв. Бао Чай инээж: 

-Сая Лао тайтай, танай гэрт Жэнь Шянгө гэдэг танхим бий гэж байсан чинь бишүү. Одоо хэдийгээр үгүй болсон боловч чи мөн хуучин эзэн мөн биз дээ гэж асуув. Цаадуул нь ёстой, ёстой гэв, Бао Юй, Шян Юнигээс өмнө амжиж, Шянг баллаад Шя болгов. Үдийн хоол идэхийн хэр бололгүйгээр, арван хоёр сэдвээр цөм бичиж зохиосноо Ин Чүньд тушаагаад бас нэг цагаан цаас авч хамтад нь сийрүүлэн бичээд доор нь зохиосон хүний нууц нэрийг бичив. Ли Вань нэрсийн дарааллаар уншвал:

Хөн Үгийн эзэн: “УДВАЛЫГ МӨРӨӨДСӨН МИНЬ”

Өрнийн салхинд ханаран бараалхуйяа бодлын дотор бухимдалтай

Шимэлдэг улайн, хулс цайрахуйяа гэдэс тасрах үес

Хөндий шивээ хуучин цэцэгст намрын мөр үгүй

Хүйтэн саран гэгээн хяруунд зүүдэн нь мэдэлтэй

Санан мөрөөдөх сэтгэл минь буцах галуутай холдлоо

Савааны чимээг үдшийн бүрэнхийд чагнан сууж удав

Удвалын төлөө миний турсныг хэн өрөвдөнө вэ.

Учрах цаг, хойт намар намайг тохируулах үг болой.

И Хунгийн аги: “УДВАЛЫГ СУРВАЛЖИЛСАН МИНЬ”

Аятай сэлүүн хяруут намар аялан зорчихоор гарахуйяа

Архины хундага, эмийн аяга хойшлуулж эс чадна

Хярууны өмнө, сарны доор хэн гэгч тарив?

Хашлаганы гадна шивээний дэргэд хаанаас намар ирэв

Сэтгэл чандлан алсаас ирэхүйеэ хүсэл сэтгэл онцгой

Сэрүүнд шүлэглэн үл дуусахуйяа урам бахдал хөгжингүй

Удвал цэцэг шүлэглэх хүнийг хөөрхийлөн хайрлахыг мэдвээс

Улирлын сайхан энэ намрыг эгнэгт үл хаятугай.

И Хунгийн аги: “УДВАЛЫГ ТАРЬСАН МИНЬ”

Намрын цэцэрлэгт алчуур барин нахиаг өөрсдөө авчраад

Шивээний дэргэд, Танхимын өмнө газар бүхэн тарилаа

Өчигдөр шөнө санаандгүй хур бороонд эдгэрээд

Өнөө өглөө харин шүүдэр бөмбөлзүүлэн дэлгэрчээ

Сэрүүн жаварт намрыг уянгалуулахуйяа шүлэг мянган бадаг

Сэнгэнүүн үнэрт согтууран сэржимдэхүйеэ архи нэгэн хундага

Булгаар услан, шороогоор дарж нэгэнтээ хайрлан арчлаад

Бор замын тоосон лугаа ангид салахыг хүснэ

Жэнь Шягийн хуучин нөхөр: “УДВАЛЫН ЗҮГ”

Бусад цэцэгсээс шилжүүлэн авчирсан нь шижир алтнаас үнэтэй

Бут бут шингэн цайвар, бут бут өтгөн

Ийрэг сийрэг шивээний дэргэд толгой боохгүй суугаад

Этгээд анхилам үнэр дунд өвдөг тэврэн шүлэглэнэ

Эрхэмд адил омгорхог сэхүүн нь эгэлд тоолохуйяа үгүй

Эгшиг аялгууныг мэдэгчид нь үзсэн би ганцаар 

Ээлт намар алгуур одоход үл хөсөрдүүлэх ажааму

Эсрэхлэн суухуйяа угаас ер агшин зуурыг хайрлалтай

Жэнь Шягийн хуучин нөхөр: “УДВАЛЫГ ТАВЬСАН МИНЬ”

Ятга чавхдан дарс аягалахтай хослуулж байхад баясалтай

Бичгийн ширээнд ганхан ургахуйяа гоо үзэмж зэрэгцэв

Анхилсан үнэр суудал алслаад гурван зөргийн шүүдэртэй

Ажигласан хүн дэвтэр орхиод нэгэн салаанд эсэрхлэнэ

Хөшиг, замыг хяруу сэрүүцүүлэхүйеэ шинэ зүүдэн ирээд

Хүйтэн цэцэгст наран ташихуйяа хуучин зугаацал санагдана

Дээрэнгүй сэхүүн зан гэгч дур адилд болой

Дэлгэр хаврын тоор, лийр зогсоож эс чаднаа.

ШяоШянгийн хатан: “УДВАЛЫГ ШҮЛЭГЛЭСЭН МИНЬ”

Хар гүжир, шүлгийн там өглөө орой тарчилгахуйяа

Хашааг тойрон чулууг түшиж, ганцаар бодмоглон гиншинэ

Үзэгний үзүүрт санааг оруулан цагаан цаасанд бичихүйеэ

Үнэрлэг амттаныг үмхэж сарны өөд эгшиглэнэ

Хуудас дүүрэн биеэ гашуудаж, урт гомдлоо тоочихуйяа

Хэдхэн үгэнд хэн миний гүн гунигийг ойлгоно вэ

Том мэдэгчийн шүүмжлэх уянга анх гарсанаас аваад

Түмэн оны ариун суртлыг одоо болтол өгүүлэлджээ.

Хөн Үгийн эзэн: “УДВАЛЫГ ЗУРСАН МИНЬ”

Шүлгийн урмаст бийрээр тоглуулахуйяа хөгссөнөө мэдэхгүй

Шунх бэхсээр мөрийцэн тэмцэхийг бодох нь хаана ажээ

Будаг идүүлэн шүршихийн төдийд мянган дуслын бараан

Булбарай цэцгийн салаанд өнгө суулгахуйяа хэдэн зурвас хяруу

Өтгөн шингэнийг санаалан мэдэхүйеэ салхинд ганхах мөчир

Үсрэхлэн таталдсаар цэцэг ургахуйяа бугуйн дор анхилуун

Хашааны тэндээс зорчин түүхээс өөр газаргүй биш

Халхавчинд наавал гүн намраа сэтгэлийг тохируулж болно

Шяо Шянгийн хатан: “УДВАЛААС АСУУСАН МИНЬ”

Бодол, сэтгэлийг минь асууя гэвэл олон үл мэдэхэд

Бувтнан, дүдэгнэн нуруугаа үүрээд шивээний тэндээс лавлав

Хорвоо дээр омгорхон ганцаар сэрийгээд хэнээс нуугдан сууна вэ

Хуарлан дэлгэрэх адил байтлаа хэрхэн ийн хожимдов.

Цэцэгсийн шүүдэр, танхимын хяруу юутай илэм жилэм

Галуу буцаж, хүрэлзгэнэ эмгэнэхүйеэ мөрөөдөн санах ажгуу

Хөвчин ертөнцөд сэтгэлийг хэлэлцэгч үгүй гэж хэн эс өгүүлмү.

Хүний үгийг төсөөлөх бөгөөс агшинаа ярилцавч яамай

Гадалийн зочин: “УДВАЛ ХАТГАСАН МИНЬ”

Саванд тэжээн, шивээнд тариад өдөр өдөр яаралтай

Салаанаас хугачиж гэзэгт хатгахуйяа толинд танигдашгүй.

Чан Ань гүнж цэцэгт дурласнаар хүдэгтэй болсон ажгуу

Пөн Зө авгай архинд шунаснаар хөлчүү согтуу болой.

Богино цацагт наалдан жингэнэх гурван зөргийн шүүдэр

Бугуйн алчуурт шингэн ханхлах гүн намрын хяруу

Эрхэм зан нь өтөл хүний нүдэнд уруу доройгоор үгүй

Элэг барин алга ташиж, замын дэргэд инээтүгэй.

Жэнь Шягийн хуучин нөхөр: “УДВАЛЫН ШҮҮДЭР”

Намрын өнгө хөвхрөн хөвхөрч, давхар давхар сүглийгээд

Нам сэмхнээр шилжин нүүж хүрээний дунд хөдөлнө

Цонхон цаанаас дэн сүүмэлзэхүйеэ хол ойрыг зураглан

Шивээний нүдээр саран тусахуйяа гоо нарийныг хэлхэлнэ.

Чимгийн цэцэг туяаг үлдээхүйеэ сүнс нь гунигшилтай

Хяруун дахь урам санааг дамжуулахуйяа зүүдэн бас хоосон

Хичээнгүйлэн хайрлах хөвхгүүн үнэрийг хийсгэн замхруулах газарт

Хэн нь согтуу нүдээр бүрэг баргийг ялгана.

Шяо Шянгийн хатан: “УДВАЛЫН ЗҮҮДЭН”

Шивээний дэргэдэх гүн намарт нойрсохын төдий сэрүүн

Саран үүлний алинд байхыг ялгаж эс мэднэ.

Аршид одох нь эврээхэйд хувилсан Жуанзийг бахархах биш

Анхныг санагалзан их мэдэгчийн гэрээг дахин эрэх нь болой

Унтан явбал ээнэгшсэн сэтгэл галууг даган баларна

Урван харвал хэвтсэн газарт хүрэлзгэнэ дуугарах адтай

Хувхай өвс хүйтэн амьсгал хязгаарлашгүй сэтгэл

Хорсол гомдлыг сэрсэн цагтаа хэнтэй тооцох вэ.

Гадалийн зочин: “УДВАЛЫН ҮЛДЭГДЭЛ”

Шүүдэр царцан хяруу зузаарч цэцэг аажмаар хазайв

Шинжин найрлаж сая дуусахад хярмаг цасан болов

Хоцорсон үнэр үгүй байтал алтны ширхэг хийсээд

Хатсан навч салаанаас унаж номин өнгө салжээ

Орны хагаст саран гийгээд, хүрэлзгэний дуу уяралтай

Огторгуй дүүрэн үүл бүрхээд галуун сүрэг удаан

Хойт жилийн намрын голд дахин уулзахыг мэдвээс

Хоромхон зуур гар салахад хэтэрхий битгий мөрөөд.

Цөмөөр үзсэн шүлгээ магтаж, бахархан шагшрав. Ли Вань

-Би бол голчоор үнэлнэ. “Удвалыг шүлэглэсэн минь” тэргүүн. “Удвалаас асуусан минь” дэд, “Удвалын зүүдэн” гутгаар… сэдэв нь шинэ, шүлэгч шинэ, санаа нь нэн шинэ болсон тул Шяо Шянгийн хатан оройлоход хүрчээ. Дараа нь “Удвал хатгасан минь”, “Удвалын зүг”, “Удвал тавьсан минь”, “Удвал зурсан минь”, “Удвалыг мөрөөдсөн минь” болой гэв. Бао Юй сонсоод алга ташиж, “Яг таарч байна. Голыг нь сайн олжээ” гэж чанга дуугарав. Дай Юй: “Миний тэр горьгүй. Авсаархан болж чадсангүй” гэсэнд Ли Вань:

-Авсаархан нь харин сайн болж. Үг овоорч хөшүүн болоогүй нь сайн гэв. Дай Юй:

-Минийхээр бол, тэргүүн шад гэвэл, “Хүйтэн цэцгэст наран ташихуйяа хуучин зугаацал санагдана” бөгөөд энэ шадыг далдуур чимжээ. “Ажигласан хүн дэвтэр орхиод, нэгэн салаанд эсэрхэлнэ” гэгч даруй яруу сайхны туйл болсон бөгөөд цэцэг тавьсанаа хэлж дуусаад дахин хэлэх юмгүй болсон тул дахин буцаж Удвалыг тасдаж авчран тавихаас өмнөхийг санагалзсанаар санаа нь гүн хол болжээ гэв. Ли Вань инээж: 

-Хэдий тийм боловч чиний тэр “Үнэрлэг амттаныг аманд үмхэж” гэх шад мөн автахгүй болой гэсэнд Тань Чүнь:

Хаашдаа л манай Хөн Үгийн эзэн садан байна. “Намрын мөргүй”, “Зүүд нь мэдэлтэй” гэж мөрөөдсөн санааг дурайтал дүрсэлжээ гэв. Бао Чай инээн:

-Чиний тэр “Богино цацагт наалдан жингэнэх”, “Бугуйны алчуурт шингэн ханхлах” ч мөн Удвал хатгасныг сэвгүй сайхан зураглажээ гэв. Шян Юнь инээж: “Хэнээс нуугдан сууна вэ”, “Хэрхэн ийн хожимдов” гэж Удвалыг үнэхээр хэлэх үггүй болтол асуужээ” гэсэнд Ли Вань:

-Ийм юмаа. “Толгой боохгүй сууж”, “Өвдөг тэврэн шүлэглээд”, удвалаас түр зуур ч салахгүй, удвал мэдэлтэй болсон аваас харин хашрахад хүрчээ гэсэнд бүгд хөхрөлдөв. Бао Юй:

-Энэ удаа би бас л хожигдлоо. Аль хүн тарив. Хаанаас намар ирэв. Сэтгэл чандлан алсаас ирэхүйеэ. Сэрүүнд шүлэглэн үл дуусахуйяа зэрэг цөм сурвалжлах биш, болбоос болохгүй юү. Өчигдөр шөнийн бороон, өнөө өглөөний шүүдэр гэх нь, тарих биш болбоос болохгүй юү. “Үнэрлэг амттаныг аманд үмхэж, сарны өөд эгшиглэнэ”, “Этгээд анхилам үнэрийн дунд өвдөг тэврэн шүлэглэнэ”, “Богино санчиг”, “Бугуйн алчуур”, “Алтны ширхэг хуйлраад”, “Намрын мөргүй”, “Зүүд нь мэдэлтэй” гэх зэргийн шадад хүрсэнгүй нь харамсалтай гэснээ, маргааш зав чөлөө гарвал би ганцаараа арван хоёр бадаг зохионо гэсэнд Ли Вань:

-Чиний шүлэг зүгээр болжээ. Гагцхүү, дээрх хэдэн шадны хэр уран, шинэ болж чадсангүй гэв. Дараа нь, энэ тэрийг шүүмжлэн ярилцаж байтал халуун наймалж авчрав. Тэд ширээ тойрон сууж түүнийг идэцгээв. Бао Юй инээж: 

-Өнөөдөр хавч амталж, гавир сонирхоход шүлэггүй байж яаж болох вэ. Би нэгэнт бодож гаргав. Хэн бас зохиож үзнэ вэ гэсээр яаран гараа угааж, бийр аваад бичиж эхлэв.

Гавирын дор сэрүүцэн сууж хавч амтлах бахдалтай

Ган нүдэж цуу цутгахуйяа урам аандаа хөгжинө

Голог нөгчсөн вангийн ач дур мэдэн хүндрэлтэй

Хөндлөн хөшигч гүнгийн үр элэг зүрхгүй!

Ходоодноо хурсан сэрүүнийг чинь ховдоглосоор мартав

Хуруунд шингэсэн хонхвай цэцгийн үнэр угаавч ханхална

Хоосон яарагч нэгэн нас хэмээн шүлгийг арш шоолсон нь

Хотол олноор ашдын заяасан амтат идээн байжээ

Дай Юй инээж: “Ийм шүлгийг зуун бадаг авсан ч бас байна” гэсэнд Бао Юй: “Чи одоо чадал нь нэгэнт барагдаад, нэгэнт бичиж чадахгүй боллоо гэхгүй мөртөө харин хүнийг доромжилж байна” гэв. Дай Юй юм хэлсэнгүй. Дээш харж бодолхийлж байснаа дахин бийр авч нэг шүлэг бичээтхэв.

Хос жадтай, төмөр хуягтай үхэхийг үл тоон

Хураан тавагласан өнгөт идээгээ надаар дээжлүүлэхийг хүснэм

Хавчийн дотор зөөлөн хаш хос хосоор дүүрэн

Хавтасны дээр улаан энгэсэг хэсэг хэсгээр анхилна

Дүүрэн идээт найман хөл дурыг минь татахуйяа

Дурыг хөгжөөн, сархад сөгнөгч одоо хэн байна?

Ховор идээг хурим найрт амсан, хүртэн жаргахуйяа

Хонгор салхийг гавир илбэн, удвал хяруу зүүнэ

Бао Юй сонсоод дуун алдан магтаад эхэлтэл Дай Юй шүлгээ шүүрч аваад галд шидчихэв.

-Миний зохиосон, чинийхэд хүрэхгүй учраас шатаасан дээр. Чинийх бол тун сайн. Саяын шүлэг дэргэд нь юу ч биш. Хадгалж байгаад хүнд үзүүлж байтугай гэв. Бао Чай,

-Би бас нэг юм аргаллаа. Олигтой болоогүй биз ээ. Яахав, та нарт уншиж яриа хөөрөөнд нэмэр болгоё гэв.

Уянгатын сүүдэр дор, гавирын салхинд хундага өргөн суухуйяа

Удамт агь шүлсээ залгин намрын найрыг хүлээнэ

Урьдах замд учиргүй чи дур мэдэн донхолзож

Учир явдалд үл дуугарах сэтгэл юутай хар!

Ийн унштал цөм шагшрах зуур Бао Юй: “Үнэхээр сайхан хараажээ. Би бас шүлгээ шатаасугай” гэтэл мөнөөх шүлгийг залгуулан уншив.

Хонхвай цэцгийн үнэрийг архиар угааж, удвалаар зайлалтай

Хурах сэрүүнийг дарах гэвэл адбиш гаа зажлалтай

Буцалсан тогоонд одоо унавч тус нь юун?

Болор саран уснаа тусаж шүлхийн тариа ханхална

Бүгдээр “Энэ чинь саяын наймалжийн дууллын оргил нь болжээ. Эдгээр бага сэдэвт их санааг багтааж чадсан нь бол авъяас мөн. Гагцхүү ертөнцийн хүнийг даанч хортой дайрчээ” гэхчилэн ярьж байтал Пин Эр орж ирэв. Юуны учир ирснийг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж