Олимпийн тосгонд дүрвэгсдийг төвхнүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Олимпийн тосгонд дүрвэгсдийг төвхнүүлжээ

Олимпийн тосгонд дүрвэгсдийг төвхнүүлжээ

Улс орнууд олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажилд хөрөнгө мөнгө харамгүй зарцуулдаг. Асар их бүтээн байгуулалт хожим нь хэнд ч хэрэггүй орхигдож, үргүй зардал болсон тохиолдол цөөнгүй.

 

Тэгвэл, “Турин-2006” олимпийн Тамирчдын тосгон өдгөө Африкийн 1000 гаруй цагаач, дүрвэгсдийн байр болжээ. Орох орон, явах газаргүй болсон Африк тивийн 30 гаруй орны дүрвэгч өдгөө Туринд боломжийн нөхцөлд амьдрах болсон байна. Тамирчдын тосгоны барилга, байшингууд төдийлөн сайн чанартай биш, зай талбай хангалттай биш боловч энгийн амьдралаар амьдрахад гологдох зүйлгүй ажээ.

Италийн Турин хотноо зохион байгуулсан өвлийн 20 дугаар олимпийн үеэр дэлхийн зуу зуун тамирчдын “гэр” байсан тамирчдын тосгоны барилгууд нь бетон цутгамал хийцтэй, орчин үеийн загвартай, тун өнгөлөг харагддаг юм. Цагийн эрхээр барилгын гадна фасад муудаж, нар, салхинд гандаж, зарим байшингуудын хана граффити зургаар дүүрчээ.

Италийн Засгийн газрын дүрвэгсдийг хүлээн авах хөтөлбөрөөр тус улсад ирсэн Африкийн цагаач, дүрвэгсдийн дийлэнхийг Турин руу нүүлгэж, Тамирчдын тосгонд төвхнүүлсэн байна. Тэд хотын фермд улирлын чанартай ажил хийж байгаа ч дүрвэгсдийн хувьд ажил, мөнгө хоёр гол тулгамдсан асуудал болжээ.

Тамирчдын тосгоны барилгуудыг олимпийн үеэр хоёр долоо хоногийн хугацаанд ашиглахаар барьсан, тиймээс 10 гаруй жил өнгөрөхөд хуучирч муудсан, засаж сайжруулах зүйлс чамгүй бий гэнэ. Гэхдээ л дүрвэгсэд орон гэрээ болгон тохижуулж, тосгонд англи болон итали хэлний сургалт явуулж эхэлжээ. Үсчин, жижиг худалдааны газрууд ч нээгдсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж