Боловсролын салбарынхан чуулав

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарынхан чуулав

Боловсролын салбарынхан чуулав

Ховд аймагт өчигдөр /2018.01.29/ “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” баруун бүсийн улсын зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, албан хаагчид оролцож, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, багшийн үр дүнд суурилсан цалин хөлсний шинэ тогтолцооны талаар хэлэлцлээ. Мөн сургалтын агуулга, хөтөлбөр, сурах бичгийн чанар, стандартын асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн хүүхдийн хөгжил хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн болон адил тэгш боловсролын үйлчилгээ хэрэгтэй хүүхдийн төлөө чухам юу хийх ёстой талаар санал солилцжээ.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцсон байна. Тэрбээр ‘…Багш хүн, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн багш нар монгол хүний амьдралын чиг шугамыг заагч, Монгол улсын ирээдүйн хувь заяаг тодорхойлогч чухал ажил албатай хүмүүс. Тэр ч утгаараа ерөнхий боловсролын салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэж, түүнийг шийдвэрлэх тодорхой гарц шийдлийг олж хэрэгжүүлэхэд энэхүү зөвлөгөөний гол ач холбогдол оршиж байна. Боловсролын салбарын хөгжлийг ярихгүйгээр, багш нарынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдэхгүйгээр хувь хүний хөгжил, цаашлаад улс орны хөгжлийн тухай ярих нь дэндүү өрөөсгөл…’ гэсэн юм. Мөн Монгол улсыг байгалийн баялаг биш харин дэлхийд үнэлэгдэх мэдлэг боловсролтой хүн л хөгжүүлнэ гэдгийг тодотголоо. Түүнчлэн багш нарыг бэлтгэх сургуулийн босго өндөр, бас элсэгчдэд төрөөс үзүүлэх дэмжлэг илүү байх ёстойг чухалчиллаа.

Зөвлөгөөнд оролцогчид багшийн ажлын ачаалал, мэргэжлийн ур чадварт нь таарсан хөдөлмөрийн үнэлэмжтэй байх нь өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцнэ гэдгийг хэлж байсан. Ингэж байж багш өөрийгөө хөгжүүлэх, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандах урам зориг нэмэгдэнэ гэдгийг ч онцолж байлаа. Тэд бүсийн нэмэгдэл олгох, татвар зээлийн хөнгөлөлт үзүүлэх замаар төвлөрлийг сааруулж, алслагдсан бүсээ хөгжүүлэх, алслагдсан бүсийн багш, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төр илүү анхаарал хандуулах ёстой гэсэн С.Бямбацогт гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад өнөөдөр төрөөс төсвийн нийт орлогынхоо тавны нэг хувийг боловсролд зарцуулж байгаа юм. Гэхдээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалт эргэж өгөөжөө өгдөг учраас энэ хөрөнгө оруулалтыг илүү үр ашигтай зарцуулах тал дээр нэг талаас төр, нөгөө талаас сургууль боловсролын байгууллага, багш нар хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр тогтлоо. Энэхүү зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал бүрээр төрөөс холбогдох шийдвэрүүдийг гаргаж хамтран хэрэгжүүлэх юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж