Иргэний нийгмийн өдрийг театртай хамтран зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Иргэний нийгмийн өдрийг театртай хамтран зохион байгуулав

Иргэний нийгмийн өдрийг театртай хамтран зохион байгуулав

Монголын Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум “Мэдээллийн зах” үйл ажиллагааг өнөөдөр (2018.01.30) Улсын драмын эрдмийн театрт зохион байгууллаа. 10 дахь жилдээ тохиож буй “Иргэний нийгмийн өдөр”-ийн хүрээнд Хүний эрхийн форумын 30 гаруй гишүүд таван бүлэгт хуваагдан ажиллаж, зөвлөмжийн хэрэгжилтийг тайлбарлан хүргэжээ. Мөн өнөөдрийн арга хэмжээний үеэр ‘Наран цамхгийн хэрэг’, ‘Хуулийн өмнө’ , ‘Манаач’ гэсэн гурван бэсрэг жүжгийн тавилттай уншлагыг иргэдэд толилуулсан байна. 

“Мэдээллийн зах” үйл ажиллагааны талаар Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайханаас тодрууллаа. 

  • Иргэний нийгмийн өдөр жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний өдөр болдог. Зарим жил төрийн бус байгууллагуудын санаачлагаар тодорхой ажлууд хийгддэг. Бас чимээ аниргүй өнгөрөх үе байсан. Энэ жил Хүний эрхийн ТББ-уудын форум эвлэлдэн нэгдээд Иргэний нийгмийн өдрөөр хүний эрхийн чиглэлээр хэрэгжиж байгаа үйл ажиллагааны талаар хэвлэл, мэдээлэл олон нийтийн байгууллагад мэдээлэл хүргэе гэсэн зорилгын дор нэгдлээ. Монгол Улсын Засгийн газар 2015 онд Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр нийтдээ 154 зөвлөмжийг ирэх 4-5 жил хэрэгжүүлнэ гэсэн үүрэг амлалт авсан. Энэ үүрэг амлалт авснаас хойш даруй хоёр жил нь өнгөрсөн. Одоо зөвлөмжүүдийн хэрэгжилт ямар түвшинд байгаа юм гэдгийг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгууллаа” гэсэн юм.

“Мэдээллийн зах” нээлттэй өдрөөр НҮБ-ын Хүний эрхийн үндсэн механизм болох Universal Periodic Review (UPR) буюу хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаарх цогц мэдээллийг хэвлэл мэдээллийн салбарынханд түгээхийг зорьсон. Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, хүүхэд, эмэгтэйчүүд бусад эмзэг бүлгийн эрхийн хэрэгжилтийн талаар Хүний эрхийн төрийн бус байгууллагууд танилцуулгыг өглөө.

НҮБ-ын гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутамд дүгнэн хэлэлцдэг механизм болох UPR-ийн тухайд, бүх улс оронд ялгаваргүй, тэгш хандах, хэлэлцүүлэгт орж байгаа улстай хамтран ажиллах зарчмыг дээдэлдэг ба эцсийн зорилго нь дэлхийн бүх хүний тусын тулд улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулахад оршино. Одоогоор Монгол улсын хувьд хоёрдугаар илтгэлээ 2015 оны хоёрдугаар сард хүргүүлж, тус оны тавдугаар сард хэлэлцүүлэн хамгаалсан бөгөөд нийт 64 улсаас 154 зөвлөмж ирүүлснээс 150 зөвлөмжийг нь хүлээн авч, хэрэгжүүлэх үүрэг амлалт аваад байна.

Одоогоос 10 жилийн өмнө буюу Засгийн газрын 2008 оны 22 дугаар тогтоолоор жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний өдрийг албан ёсоор “Иргэний нийгмийн өдөр” болгосон бөгөөд энэ жил Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас “UPR буюу Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлэг”-ийг гол сэдвээ болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Холбоотой мэдээллийг http://mn-nhrc.org болон www.legalinfo.mn сайтаас авна уу. 


Ч.БОЛОР, Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж