Хятад сурагчдын шалгалтад “хариулах боломжгүй” бодлого иржээ

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Хятад сурагчдын шалгалтад “хариулах боломжгүй” бодлого иржээ

Хятад сурагчдын шалгалтад “хариулах боломжгүй” бодлого иржээ

Хятадын бага сургуулийн сурагчдын шалгалтын материалд хариуг нь бодож олох боломжгүй бодлого ирсэн нь сошиал сүлжээнд маргаан дэгдээжээ.

Наньчун хотын Шуньчин дүүрэгт байрлах бага сургуулийн математикийн хичээлийн шалгалтын материалд “Хэрэв хөлөг онгоцонд 26 хонь, 10 ямаа байсан бол хөлөг онгоцны ахмад хэдэн настай вэ?” гэх асуулт ирсэн байна. Уг шалгалт нь 11 настай хүүхдүүд голдуу суралцдаг бага сургуулийн тавдугаар ангийнхны шалгалт ажээ.

Шалгалтын материалын “маргаантай” асуулт бүхий зураг, мөн сурагчдын өөр өөрийнхөөрөө хариулсан хариултуудыг нэгтгэсэн зураг Хятадын сошиал сүлжээнд түгж, хэрэглэгчид үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Боловсролын салбарын албаны хүн дээрх шалгалтын материал алдаагүй болохыг мэдэгдсэн байна.

“Ахмад багадаа 18 настай. Учир нь хөлөг онгоц жолоодохын тулд насанд хүрсэн байх ёстой” гэж нэг сурагч хариулжээ. Өөр сурагч “Ахмад 36 настай. Учир нь 26+10=36. Ахмад тээвэрлэж яваа амьтдын тоогоор насаа илэрхийлэхийг хүссэн” гэсэн байв.

Бас нэгэн сурагч хариулж чадсангүй. “Ахмад … настай. Би мэдэхгүй байна. Бодож чадахгүй байна” гэж хариулжээ.

Харин цахим хэрэглэгчид “Энэ асуулт ямар ч логикгүй юм. Багш өөрөө хариултыг нь мэдэж байгаа болов уу”, “Сургууль 26 багштай. 10 нь бодож чадахгүй бол сургуулийн захирал хэдэн настай вэ” зэргээр сэтгэгдэл бичсэн байна.

Зарим хэрэглэгч дээрх асуултыг хүүхдүүдийн сэтгэхүйг хөгжүүлж, хайрцагнаас гарч сэтгэхэд тустай зэргээр ч бичжээ.

Харин Хятадын Weibo сүлжээнд нэг хэрэглэгч “26 хонь, 10 ямааг дундаж жингээр тооцоолбол нийт 7700 кг болно. Хятадад 5000 кг-аас дээш жинтэй ачаа тээвэрлэх бол таван жилээс дээш хугацаанд хөлөг онгоц жолоодсон туршлагатай байх ёстой. Хөлөг онгоц жолоодох зөвшөөрлийг 23-аас дээш насныханд олгодог. Тэгэхээр ахмад багадаа 28 настай” гэж бичсэн нь хамгийн оновчтой хариулт болж таарчээ.

Шуньчин дүүргийн боловсролын хэлтсээс энэ асуудлаар гаргасан мэдэгдэлдээ “Энэ шалгалт хүүхдүүдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой” гэж дурдсан байв.
 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж