Ж.Золбаяр: Бүхнийг даваад гарна аа

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Ж.Золбаяр: Бүхнийг даваад гарна аа

Ж.Золбаяр: Бүхнийг даваад гарна аа

Явсан хүнээс үг сонс гэж сайхан үг бий. “Монгол бадарчин” нэрээр танигдсан Амай буюу Ж.Золбаяр 11 жилийн хугацаанд 86 орныг бадарчилж туулсан байдаг. Тэр нүүдэлчин ард түмний соёлыг өртөөчилж, нүүдэлчдийн түүхэн дэх хамгийн урт замыг туулсан аялагч юм. 

Аялагч Амай бөөрний дутагдалтай гэж оношлогдон, дэлхий дахинаар аялах боломжгүй болсон ч өвчний өмнө бөхийлгүй тэмцэж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Монголын залуучуудын холбоотой хамтран "Цаг хугацаагаар" нэртэй уулзалт зохион байгуулж, залуучууд ч өргөнөөр оролцсон юм.

Тэр танхимд оруут л Амайгийн царайнд инээмсэглэл тодорч, нүднээс нь гал цог мэдрэгдэж байлаа. Түүнд өвдсөн хүний царай огтоос байсангүй. Харин харь орноос өвөртөлж ирсэн эрдэм, мэдлэгээ залууст хүргэхийг зорьсон дулаан инээмсэглэл мэдрэгдэж байв. Илтгэлийнх нь дараа Амайтай хэсэг хугацаанд уулзах боломж гарч, товч хөөрөлдсөн юм.

-Та багаасаа аялагч болно гэж мөрөөддөг байв уу. Эсвэл хувь тавилангаараа аялагч болох замыг сонгосон уу?

-Би багаасаа л урлагийн хүн болно гэсэн бодолтой байсан. Гэвч гэр бүлийнхэн маань дэмжээгүй. Түүний оронд олон улсын харилцааны мэргэжилтэн болохыг санал болгосон. Гэхдээ соёл урлагаа орхиогүй. Тэр үед миний амьдралд их сонин зүйл тохиолдсон. Уушиг цоорч, үхлүүт байдалтай гурван сар болсон. Эмнэлэгт юу эсийг бодох билээ. Тэр үеэс амьдрал богинохон юм байна, энэ амьдралдаа өөрийн хойч үедээ үлдээж чадах зүйлсийг хийх хэрэгтэй юм байна гэсэн бодол хүчтэй төрсөн. Аавын минь нэг ном байдаг юм. Тэр номонд “Хэрвээ чиний нэрийг есөн үедээ сайнаар дурсаж явбал амьдарсанд тооцно” гэж бичсэн байсан. Ингээд л би амьдралын үндсэн зорилгоо олох шиг болсон.  Тэр үед яагаад улс үндэстний хөгжлийн нууцыг олж болдоггүй юм бэ гэсэн бодол төрснөө нуух юун. Дараа нь 2005 онд гэнэтийн байдлаар аялалд гарах боломж тохиосон юм. Тухайн үед Голланд, Канадын аялагчидтай таарч, тэд нарын ертөнцийг таних хүсэл илүү төрж, аялах хүсэл илүү их нэмэгдсэн. 

-Монголдоо буцаж ирэхэд танд ямар санагдаж байсан бэ?

-Эхний аянаасаа Монголд ирэхэд маш олон зүйл өөрчлөгдсөн байсан. Би 2005 онд яваад 2010 онд ирсэн. Гэтэл Дубайд ирсэн юм шиг л санагдсан. Эхний номоо гаргачихаад буцаад Америкийг зорьсон. Хагас жил гаруй Америкаар аялж байгаад Монголдоо дахиад эргэж ирсэн. Гэтэл юмны үнэ өөр болчихсон байсан. Би энэ олон жил явахдаа хайж байсан зүйлээ олоод ирсэн гэж боддог. Яавал бид дэлхийн хэмжээний хөгжилтэй улс болохыг ойлгосон. Түүнээс хойш нэг зүйл надад ажиглагдсан. Энэ төр засгийн систем нэг л буруу тал руугаа яваад байна. Хувьсгал хийх шаардлагатай юм байна гэж боддог боллоо. Хувьсгал  гэхээр буу зэвсэг бариад тэмцэнэ гэсэн утгаараа биш л дээ. Өөрчлөлтийг энгийнээр хийх хэрэгтэй.

-Таны бөөр хэзээнээс өвдөж эхэлсэн бэ. Африкт явж байхдаа хүндээр өвчилсөн нь нөлөөлсөн гэж ойлгосон?

-Би Өмнөд Африкт аялж явахдаа малери буюу шумуулаар дамждаг өвчнөөр хоёр удаа өвдсөн. Малери бол дэлхийн хүн амд харанга дэлдсэн аюултай өвчин. Гэхдээ яагаад ч юм би эдгэрсэн. Одоо миний бөөр өвчилсөн байгаа. Энэ бол малеригаар өвчилсний сорви нь байхгүй юу. Гэхдээ монголчууд чинь ямар тэнхээтэй хүмүүс билээ. Даваад гарна даа.

Өнгөрсөн зунаас эхлээд арваннэгдүгээр сар хүртэл хэвтэрт байлаа. Бөөр ажиллахаа больчихсон. Үндсэндээ хордлогод орчихсон байгаа. Өвчин ярьж байгаа юм биш л дээ. Би амьдралынхаа хамгийн хүнд хэцүү цаг үеийг яг энэ үед туулаад явж байх шиг байна. Орой унтаж чадахгүй шөрмөс татна, бачуурна, бүх юмс утгагүй санагдах үе ч байна. Нэг үеэ бодвол одоо би өвчинтэйгөө эвлэрсэн. Гурван өдрөөр л амьдарч байна. Гэхдээ насгүй болчихсон гэсэн үг биш.

Сая Донорын тухай хууль батлагдлаа. Ирээдүйд шинэ бөөртэй болчихож магадгүй гэсэн найдлага төрсөн. Ер нь монгол хүн дороосоо л даарч болдоггүй юм байна гэдгийг залууст хэлмээр байна.

-Эмчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа юу?

-Тийм ээ. Аппаратад орохдоо дөрвөн цаг хөдөлгөөнгүй хэвтэнэ. Тэгж байж цусаа шүүлгэдэг.

-Өнөөгийн залууст шүүмжлэлттэй ханддаг зүйл байдаг уу?

-Хийх юмгүй гиюүрээд байж байгаа залуучуудыг хараад өөрийн эрхгүй дургүй хүрдэг. Бүх зүйлээр хангаж өгөөд байхад аливаад хариуцлагагүй хандах муухай.

-Цаашид та юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ? Таны залууст зориулсан уулзалт, лекцэд хүмүүс их ирдэг. Үргэлжлүүлж хийж болох юм?

-Сая нэг хэсэг хугацаанд их ганцаардлаа. Эмнэлэгт тасралтгүй хэвтээд байна гэдэг чинь хэцүү шүү дээ. Гэхдээ сэтгэлээр унаад байж болохгүй. “Монгол бадарчин”, “Тэрэлж Стате”, “Хурай” зэрэг төслүүдийг идэвхжүүлэхээр ярилцаж байна. Энэ төслийн хүрээнд дэлхийд Монголыг  таниулах аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Хэд хоногоос гэр бариад, хотоос гарч амьдрах бодолтой байна. Би дэлхийн бүх байшинд амьдарч үзсэн. Яагаад ч юм, одоо хөдөө гарч, монгол гэртээ галаа түлээд амьдаръя гэж бодогддог болсон. Эмчилгээтэй үедээ л хотод ирээд, бусад үед нь ерөнхийдөө агаар салхинд голдуу байгаа. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж