Аргентинд төрд төрөл саднаа томилохыг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Аргентинд төрд төрөл саднаа томилохыг хориглов

Аргентинд төрд төрөл саднаа томилохыг хориглов

Төсвийн алдагдлыг багасгаж, хэдэн арван жилийн туршид байсаар ирсэн танил талаа ашиглан эрх мэдлийн хуваарилалт хийдэг байдлыг таслан зогсоохын тулд төрийн албанд цомхотгол хийхээр болсон тухай Аргентины Ерөнхийлөгч Маурицио Макри мэдэгдлээ.

Засгийн газрын сайд нарыг гэр бүл, төрөл саднаа ажилд авахыг хориглож, хэдийн төрд алба хашиж байгаа бол нэн даруй чөлөөлөх үүрэг өгчээ. Түүнчлэн сайд нарын томилсон дөрвөн томилгоо тутмын нэгийг ажлын байраас нь чөлөөлөхөөс гадна энэ жил төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаар шийдсэн байна.

Дээрх байдлаар цомхотгол явуулснаар Засгийн газар жилд 77 сая ам.долларын хэмнэлт хийх тооцоо гаргажээ.

Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцож, дэлхийн лидерүүдтэй уулзаад ирсэн ноён Макри хэмнэлтийн бодлогын хүрээнд Засгийн газар ч мөн багтах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Манай улсад өөрчлөлт чухал шаардлагатай байна. Эдийн засгийн өөрчлөлтөөс илүү соёлын өөрчлөлт хийх нь чухал. Тиймээс бид аргентинчуудын эрх мэдлийн соёлыг өөрчлөхийг зорьж байна” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Макригийн дээрх мэдэгдлээс хойш хэдхэн цагийн дараа зарим сайдын ойрын төрөл саднууд ажлаа хүлээлгэн өгсөн байна.
 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж