Түүхэнд байгаагүй Азийн наадам Индонезид болно

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

Түүхэнд байгаагүй Азийн наадам Индонезид болно

Түүхэнд байгаагүй Азийн наадам Индонезид болно

Дэлхийн томоохон спортын наадмууд энэ онд олноор зохиогдоно. 10 хоногийн дараа БНСУ-ын Пёнчан хотод Өвлийн XXIII олимпийн наадам нээлтээ хийх юм. Тэгвэл энэ жилийн хамгийн том хүлээлттэй наадмын нэг бол ирэх наймдугаар сард Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад болох Азийн наадам юм.

Монголын Үндэсний олимпийн хорооноос өнөөдөр (2018.01.30) Азийн наадам болохтой холбогдуулан спортын холбоодод зориулсан сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтыг МҮОХ-ны инновацийн төсөл эрхэлсэн Нарийн бичгийн дарга А.Ундрал удирдан явуулсан юм.

АЗИЙН НААДАМ АНХ УДАА ХОЁР ХОТОД ЗЭРЭГ БОЛНО

Одоогоос зургаан сарын дараа буюу наймдугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийх Азийн XVIII наадамд 45 орны 10 мянга гаруй тамирчид 40 спортын 67 төрлөөр оролцоно.

Энэ удаагийн наадам Жакарта болон Палембанг хотуудад болохоороо бусад наадмуудаас ялгаатай. Мөн энэ удаагийн наадам Бүх цаг үеийн түүхэнд хамгийн том наадам болохоороо онцлог болж байна. Учир нь спортын үндсэн төрлүүдээс гадна жюү жицү, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг шинэ төрлүүд нэмэгдсэн. Үүнээс гадна хоёр хотод зэрэг болох юм.

Одоогийн байдлаар 12 мянган тамирчин оролцоно гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа ч энэ тоо 15 мянгад хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.

Төсвийн 2,24 тэрбум ам.долларыг зарцуулж байгаа нь “Инчён 2014” Азийн наадмын зардлыг хоёр дахин зардлыг гаргахаар төлөвлөжээ.

Олимпийн наадмын 28 төрөл дээр шинээр 2024, 2028 оны олимпийн наадамд оролцох сонирхолтой спортын төрлүүдийг багтааснаараа Индонезийн наадам онцгойрч байгаа. Түүнээс гадна өөрсдийн бүх нутагт хөгжиж байгаа спортын төрлүүдийг оруулжээ.

Азийн наадамд оролцох тамирчдын нэрсийг ирэх дөрөвдүгээр сард танилцуулах бөгөөд эцсийн байдлаар зургадугаар сарын 30-ны дотор нэрсийг өгсөн байх ёстой юм байна.

ЖАКАРТА ХОТ 10 САЯ ХҮН АМТАЙ Ч МЕТРОГҮЙ

Жакарта хот 10 сая хүн амтай ч дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотын нэг бөгөөд зохион байгуулагчид тамирчдыг цагийн хуваариа эртнээс төлөвлөсөн байхыг анхааруулжээ. Хэдийгээр тусгай эгнээ үүсгэж, тамирчдад тусгай автобус үйлчлэх ч гэсэн түгжрэл гарч болзошгүй гэдгийг сануулж байгаа аж. Жакарта хот хүн ам олонтой ч метрогүй. 

Индонез улс мусульман шашинтай учраас сануулах зүйл их байгааг анхааруулсан. Эмэгтэйчүүд мөр, өвдгөө халхалсан хувцас өмсөхөөс гадна мэндлэхдээ гар барих, мөрөнд хүрч болохгүй аж. Үүнээс гадна крантнаас шууд ус ууж болохгүй байхаас гадна эмэгтэй хүнд түрүүлж гар хүрч болохгүй гэдгийг сануулжээ. Зохион байгуулагчид энэ бүгдийг эртнээс анхааруулж эхэлсэн байна. 

Азийн наадмын нээлт наймдугаар сарын 18-ны өдөр болох бол хаалтын арга хэмжээ есдүгээр сарын 2-ны өдөр болно. Үүний дараа болох Азийн пара наадам аравдугаар сарын 6-13-ны өдрүүдэд болох юм байна.

Индонез улс хамгийн сүүлд 1962 онд Азийн наадмыг зохион байгуулжээ.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж