Л.Элдэв-Очир: Зуухыг MCS-тэй холбох шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Л.Элдэв-Очир: Зуухыг MCS-тэй холбох шаардлагагүй

Л.Элдэв-Очир: Зуухыг MCS-тэй холбох шаардлагагүй

УИХ-ын даргын захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Тэд Засгийн газарт өгөх зөвлөмж боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Л.Элдэв-Очир, М.Оюунчимэг нар өнөөдөр /2018.01.30/ мэдээлэл хийлээ.

Тунхаглалын чанартай бичиг цаас бие биерүүгээ шидсэн байдлаар олон жил өнгөрснийг гишүүд шүүмжлэв. Ингээд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой ажил хийхийг зорьж байгаагаа тодотгосон юм. Засгийн газарт хүргүүлж буй зөвлөмжид Хот тосгоны тухай хууль болон газрын үнэлгээтэй холбоотой эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ажлыг чуулган завсарлахаас өмнө хийх зөвлөмж хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Утаанд улс төр явж байна. Хоёрдугаарт, Монголын нэр хүндтэй компаниуд руу чиглэсэн хар пиарын шинжтэй гүтгэлэг маш их явж байна. 2009 онд Дэлхийн банк, “Мянганы сорилын сан”-тай сайжруулсан зуухны тендер зарлаж “Сэлэнгэ” констракшн зэрэг олон компани шалгарсан. Энэ компаниуд “MCS”-тэй хамтран ажиллах санал дэвшүүлж, зуухны сурилуулалт дээр “MCS” компани ажилласан. Энэ зуух маш сайн халдаг, шаталтыг бүрэн явуулдаг. Дутагдалтай тал нь хоол хийх боломжгүйд байгаа юм. Ийм асуудлыг нэг компанид холбоод байх шаардлагагүй” гэв.

Ингээд ажлын хэсгийн гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулав.  

-Засгийн газарт хоёр хуульд өөрчлөлт оруулах зөвлөмж хүргүүлжээ. Үүнээс өөр ямар санаачилга гарсан бэ?

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Агаарын бохирдлын эсрэг ажлаа маш тодорхой 3-5 зүйлд төвлөрүүлэх ёстой. Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний санхүүжилтийг БНСУ-аас шийдсэн учраас тэр хөрөнгийг олон зүйлд үрэн, таран хийхгүйгээр цөөн хэдэн чанартай ажилд зарцуулахыг зөвлөмжид тусгасан. Одоогоор айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлт цахилгааны хэрэглээндээ хүрэхгүй байгаа юм. Тиймээс хөнгөлөлтийн хэмжээг эргэж харах, үнэхээр цахилгаанаар гэрээ халааж байгаа бол 24 цагийн турш цахилгааны хөнгөлөлт эдлүүлж ч болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Ойрын хугацаанд Засгийн газар, хот хийх ёстой ажлаа хий гэж байгаа юм. Утааны голомтод амьдарч байгаа айл өрхүүдийг 7,5 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулах, худалдааны захуудыг хотоос гадагш нүүлгэх ажил яригдаж байна.

-Түүхий нүүрс хориглохоосоо өмнө орон сууцжуулах ажлаа түргэвчилж болохгүй юу?

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах асуудал яригдаж байна. Утааг бууруулах хамгийн төгс арга бол орон сууц юм. Нийслэлийн 220 мянган өрхийг орон сууцжуулах ажил урт хугацаанд үргэлжилнэ. Түүхий нүүрс хориглохоос өөр арга байхгүй. Сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрийг татвар, зээлийн бодлогоор дэмжих асуудлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан шийдэх зөвлөмжийг Засгийн газарт өгсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж