Хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгав

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгав

Хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгав

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д өнгөрсөн амралтын өдрүүдэд хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг амжилттай хийсэн. Ингэснээр манай улсын хамгийн ачаалалтай, нарийн мэргэжлийн эмнэлэг болох ХСҮТ хавдартай өвчтөнд мэс засал хийх боломж бүрдсэн юм. Энэ асуудлаар өнөөдөр /20178.01.30/ эмч мэргэжилтнүүд хэвлэлийн хурал хийж хагалгааны үйл явцын талаар мэдээлэл өглөө.

Уг хэвлэлийн хуралд Нийслэл хотын засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Элэг нэгт Монголчууд” сангийн тэргүүн Л.Мөнхбаясгалан, Хавдар судлалын  үндэсний төвийн дэд захирал С.Хүрэлсүх, дуучин Т.Ариунаа, “Самсунг” эмнэлгийн профессор нар оролцлоо.

Хурлын эхэнд ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Анхны хагалгааг элэгний хатуурал, хавдартай, элэгний B, C вирусийн халдвартай 42 настай эрэгтэйд хийсэн. Түүний 20 настай дүү нь донор болсон юм. Хагалгаа гурван шатыг хамарсан нэлээд хүнд хэлбэрийн хагалгаа байсан тул хагалгааны багт 40 гаруй эмч оролцлоо. Хагалгаанд Солонгосын ‘Самсунг’ эмнэлгээс эмч нар ирж хамт оролцсон. Хагалгаа долоон цагийн турш үргэлжилж, амжилттай дууссан. Харин донорын хагалгаа буюу элгээ өгч байгаа залуугийн хагалгаа таван цаг үргэлжилсэн.

Хагалгааны явцад цус алдаагүй, цус юүлээгүй, хагалгаа хуурай хийгдсэн байгаа юм. Элэг шилжүүлэн суулгасан 42 настай эрэгтэй гурван жил манай хяналтад байсан. Түүний хавдар өнгөрсөн оны 11-р сараас идэвхжсэн. Бид “Самсунг” эрүүл мэндийн багтай хамтран 11-р сараас хойш хагалгаа хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал тогтвортой, шинжилгээний үзүүлэлт хэвийн байгаа. Донор нь ердийн тасагт шилжсэн байна. Өнгөрсөн онд С.Батболд даргын шийдвэрээр Хавдар судлалын үндэсний төвд тэрбум төгрөгийн өртөгтэй шаардлагатай багажийг хандивласан. Энэ багаж байгаагүй бол бид өнөөдрийн хагалгааг хийх боломжгүй байсан юм. Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан гарч буй энэ үед элэг шилжүүлэн суулгах хагалгаа үнэ төлбөргүй хийгдсэн. Засгийн газраас улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд төсвийг суулгасан. Бид энэ төсвөөр хагалгааг үнэгүй хийсэн”  гэдгийг онцоллоо.

Хавдар судлалын үндэсний төвийн элэг цөс нойр булчирхайн мэс засгийн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар

-Хагалгааны үйл явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 28-нд амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ дээр анх удаа амжилттай хийлээ. Өвчтөн маань элэгний хавдартай, элэгний хатууралтай өвчтөн байсан. Бид 2006 оноос хойш хагалгаанд бэлтгэсээр ирсэн. 2008 онд манай тасаг байгуулагдсан байгаа. Үүнээс хойш элэг шилжүүлэн суулгах хагалгаанд манай эмч нар маань маш эрчимтэй бэлдэж эхэлсэн. Хагалгааны дараах хоёр дах хоногт өвчтөнүүдийн маань биеийн байдал сайн байна. Бид эхний даваагаа амжилттай давлаа. Гадаадад бол маш өндөр өртөгтэйд тооцогдох хагалгаа байгаа юм.

-Цаашид хийхээр төлөвлөсөн хагалгаа бий юу?

-Энэ жил долоон хүнд хагалгаа хийхээр төлөвлөсөн. Ойрын гурван жилдээ 20 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр төлөвлөсөн байгаа. ХСҮТ дээр элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлснээр манай улсад хоёр улсын том эмнэлэг энэ төрлийн хагалгааг хийх боломжтой болж байна гэсэн үг. Хагалгаа үнэ төлбөргүй хийгдсэн. БНСУ-ын “Самсунг” эмнэлгийн эмч нар бидэнд зөвлөгөө өгч ажилласан. Үндсэндээ энэ хагалгааг манай баг өөрсдөө гардан хийсэн. Цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгаа үнэ төлбөргүй үргэлжилнэ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж