Гамшгийн эрсдэлийг бууруулах санд төсвийнхөө хоёр хувийг төвлөрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Гамшгийн эрсдэлийг бууруулах санд төсвийнхөө хоёр хувийг төвлөрүүлнэ

Гамшгийн эрсдэлийг бууруулах санд төсвийнхөө хоёр хувийг төвлөрүүлнэ

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй Шуурхай бүлэг өнөөдөр (2018.01.30) Увс аймгийн Онцгой комиссыг хуралдуулав.

Увс аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын гишүүн Ц.Батболдын мэдээлснээр, Увс аймаг 17173 малчинтай, 8950 малчин өрхтэй, 12909 малтай өрхтэй. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 11 сумын 787 айл өрх отроор явж байгаа бөгөөд эдгээр айл өрхөд жирэмсэн эх 28, өндөр настан 125, 0-5 насны хүүхэд 317, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 63 байна.Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,1 сая малтай.

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор Увс аймгийн ЗДТГ-т өвс, тэжээл худалдан авахад 30 сая, төсвийн тодотголоор 210.8 сая төгрөг олгов. Эдгээр санхүүжилтээр бэлтгэсэн Увс аймгийн нөөц дуусчээ.

Увс аймагт өнгөрсөн 7 хоногт агаартаа -35 хэмээс -47 хэм, хөрсөндөө -40.9 хэмээс -52хэмийн хүйтэн хоносон. Нийт 18 суманд 1см – 31см цастай байна. Сумдын өвөлжилтийн байдлыг үзүүлбэл:

Зудтай: Баруунтуруун, Зүүнговь, Наранбулаг, Өндөрхангай, Тэс, Хяргас.

Зудархуу: Зүүнхангай, Малчин, Улаангом.

Өвөлжилт хүндэрсэн: Завхан, Тариалан, Цагаанхайрхан.

Өнөөдрийн байдлаар: 5900 толгой мал хорогдоод байна. Тухайлбал: Тэмээ 7, адуу 187, үхэр 312, хонь 2122, ямаа 3209 хорогдсон байна.

Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комисст тавьсан саналаас заримыг дор онцлов.

1. Аймгийн аюулгүйн нөөцөнд өвс, тэжээл нэмж бэлтгэхэд 500 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх. /1000 орчим тонн өвс/

2. Хяргас сумын Засаг даргын тамгын газарт автомашины асуудлыг шийдвэрлэх.

3. Бөхмөрөн, Тэс, Зүүнговь сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашины асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Танай аймагт 0-5 настай хүүхдийн эндэгдэл нэлээд өндөр буюу 2016 онд 55, 2017 онд 45 гарчээ. Сум, өрхийн эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгмийн үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй. Хүүхдээ аврах тал дээр илүү анхаарч ажиллаарай” гэв.

ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Ганхуягийн “Малын хорогдлын шалтгааныг тодруулж асуумаар байна. Тэмээ өвчилж байгаагийн онош юу вэ” гэсэн асуултад аймгийн ХАА-н газрын дарга “Тэмээний өвчлөл гарсан эхний хоёр сумдад антибиотикийн эмчилгээ хийснээс өвчлөл буурсан, одоогийн байдлаар өвчнөөс болж хорогдол гараагүй. Шинжилгээний дүнд малын гоц халдварт өвчин биш болох нь тогтоогдож байгаа” гэж хариуллаа.

ЗГХЭГ-ын референт Ч.Хүрэлчулуун “2017 онд Өмнөговь, Өлгий сумдад автомашин, 2018 онд Наранбулаг, Ховд сум, Баруунтуруу сумын Зүүнтуруу багт автомашин олгохоор төсөвт суулгаад байгаа, харин Хяргас сумын тухайд өвөлжилттэй холбоотойгоор шинээр үүссэн нөхцөл байдал гэж ойлгож байна. Сая тавьсан Увс аймгийн хүсэлтийг ЗГХЭГ-т танилцуулна” гэж мэдээллээ.

Онцгой комиссын хуралдааны төгсгөлд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин асуултыг аймгийн Онцгой комиссын гишүүдээс асуулаа. “Оросоос оруулж ирсэн тэжээлийг хэчнээн тонныг ямар нөхцлөөр борлуулав, ноосны урамшуулалд хэдэн төгрөг авахаар байгаа вэ, бусад аймагт отроор яваа малчдаа эргэж чадсан уу, Гамшгийн эрсдэлтэй тэмцэх хуулиар төсвийн 2 хувиар аймаг болгон нөөц бүрдүүлэх ёстой, Увс бүрдүүлсэн үү. Цэцэрлэг, сургуулийн ирц хэр байна, отроор яваа айлуудад ханиад томууны өвчлөл ямар байгаа бол?”

“Нийт 902 тонн буюу 318 сая төгрөгийн тэжээл орж ирсэн. Ноосны урамшууллаар 80 гаруй сая төгрөгийн тэжээл борлуулсан. Малчид ноосны урамшуулалд 1,5 тэрбум төг авахаар байгаа. Гамшгийн эрсдлийг бууруулах санд 280 сая төгрөг төсвөөс бүрдүүлсэн. Сумдын Засаг дарга нар отроор яваа малчдаа бүрэн эргэж очсон. Ханиад томууны өвчлөл нэлээд буурсан” гэж Увс аймгийн Онцгой комиссын гишүүд хариуллаа.

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Шуурхай бүлэг өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, шуурхай арга хэмжээ авч байна.

Мэдээлэл зөрүүтэй байхад шийдвэр оновчгүй гардгийг анхаарч, цаашид бид мэдээллээ үнэн зөв, тэгээд шуурхай өгч, авч баймаар байна. Аймаг бүр гамшгийн эрсдлийг бууруулах санд төсвийнхөө 2-оос доошгүй хувийг төвлөрүүлэх хуулийн заалтыг биелүүлж ажилла. Цаашид аймаг энэ үүргээ биелүүлэхгүй бол улсын төсвөөс нэмж үзүүлдэг тусламж дэмжлэгийг зогсоох хүртэл арга хэмжээ авах болно. Отор нүүдлээр яваа айл өрхөд хүнс болон шаардлагатай эд материалыг нь хүргэж өгөөд, уулзаж урам зориг өгч байгаарай” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Ус, бэлчээрийнхээ даацыг тооцоогүй, тоо хөөсөн чанаргүй мал аж ахуй хөгжүүлж яваагаа эргэж хармаар байна. Хүний ухаарч бодоогүйг зуд гүйцээгээд өгдөг юм байна. Аварга, шилдэг малчнаар малын тоо толгойг өсгөсөн гэхээсээ мал сүргийнхээ чанарыг дээшлүүлсэн, үүлдэр угсааг сайжруулсан, туршлагаа залуу малчдад зааж сургасан амжилтаар нь аваргуудаа шалгаруулах нь зүйтэй” гэв.

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Увс аймагт улсын нөөцөөс 1060 тонн өвс, 550 тонн тэжээл олгохоор болсноо мэдэгдээд, ирэх жил дахиад өвөл болно гэдгийг санаж бэлтгэлээ сайн базаахыг үүрэг болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж