“Гэрлэж амжаагүй явна” киноны уран бүтээлчид 37 жилийн дараа

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

“Гэрлэж амжаагүй явна” киноны уран бүтээлчид 37 жилийн дараа

“Гэрлэж амжаагүй явна” киноны уран бүтээлчид 37 жилийн дараа

Төрсөн нутгийн үзэмж шингээд
Танхил чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн намба шингээд
Хонгорхон чамайг энхрийхэн болгожээ
” хэмээн ард түмний сэтгэлд хоногшсон ‘Гэрлэж амжаагүй явна’ киноны дууг нэрт найруулагч, дуучин Б.Бадрууган агсны дуулснаар хүмүүс сайн мэднэ. Тэгвэл “Гэрлэж амжаагүй явна” Монголын уран сайхны киноны гол дүрийн жүжигчид 37 жилийн дараа киноныхоо дууны клипэнд тогложээ.

Зүүн гараас СТА П.Долгорсүрэн, дуучин Г.Тулга, МУГЖ Н.Батцэцэг,  Д.Гүрсэд нар

Уурхайчдын ажил хөдөлмөр, амьдралыг өгүүлсэн “Гэрлэж амжаагүй явна” уран сайхны киноны дууг Дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу дуучин Г. Тулга дахин дуулж, ард түмэндээ хүргэх гэж байгаа аж. Залуу дуучин Г.Тулга нь уг кинонд Энхээгийн дүрд тоглосон гавьяат жүжигчин Д.Гүрсэдийн хүү гэнэ.

Ингээд “Гэрлэж амжаагүй явна” киноны гол дүрд тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэгтэй утсаар холбогдож, энэ талаар тодруулав.

Тэрбээр “Би одоогоос 37 жилийн өмнө 24 насандаа “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэнгийн дүрд тоглосон. Хамгийн анх энэ киноны дууг дуучин Б.Бадрууганаар дуулуулах саналыг найруулагч Ж.Бунтар гуай тавьсан юм билээ. Уг киноны хөгжмийн зохиолч нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангал гуай. Үүний дараагаар одоогоос 12 жилийн өмнө дуучин С.Жавхлан Шарын голын уурхайн уулан дээр дуулж, клипэндээ киноны хэсгээс оруулсан байсан. Харин одоо Дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу дуучин Г.Тулга дахин дуулж, ард түмэнд хүргэх гэж байна. Залуу дуучин Г.Тулга нь Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэдийн хүү юм. Энэ киноны дууг дуулах саналыг бодвол аав нь хүүдээ тавьсан болов уу. Учир нь, “Монгол кино” үйлдвэрийн жүжигчдээс амьд сэрүүн үлдсэн долоо, найман жүжигчид шинэ жилийн баяраар сайхан уулзаж суугаад тоглосон киноныхоо дууг ярилаа. Тэгсэн уран бүтээлчид маань “Д.Гүрсэд та хоёр чинь “Гэрлэж амжаагүй явна” киноны гол дүрүүд шүү дээ. Энэ киноны дууг дуулдаг дуучин байвал” гэсэн чинь Д.Гүрсэд “Манай хүү дуулдаг юм” гэсэн. Тэгээд л киноныхоо дууг дахин ард түмэндээ хүргэж, клипжүүлье гэж ярьцгаасан. Энэ удаа кинонд тоглосон уран бүтээлчдээс гадна  залуу дуучин болон киноны хэсгийн дүрснээс оруулах юм билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам бид цөөрч байгаагаа төдийлөн анзаарч, ухаардаггүй байж. Миний хувьд Гавьяат жүжигчин Д.Гүрсэдтэй зургийн талбайд уулзаж байсан ч диспетчер Цолмонгийн дүрд тоглосон П.Долгорсүрэнтэй 10 гаруй жилийн дараа дахин уулзсан. Тухайн үедээ хамт кинонд тоглож байсан залуу насныхаа хөгжилтэй дурсамжаа ярихад их сайхан байсан” гэж ярилаа.

Ингээд Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн Battsetseg Natsagdorjiin фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн ‘Гэрлэж амжаагүй явна’ киноны гэрэл зургаас сонирхуулъя.

Инженер Гансүхийн дүрд тоглосон Ч.Хүрэл агсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж