Ж.Гүррагчаа: Төрд сансар судлалын бодлого алга

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Ж.Гүррагчаа: Төрд сансар судлалын бодлого алга

Ж.Гүррагчаа: Төрд сансар судлалын бодлого алга

Өнгөрөгч онд Монголын анхны микро хиймэл дагуул болох “Мазаалай”-г Монгол Улсын их сургуулийн багш нар бүтээж, “Драгон” хэмээх сансрын хөлөгт тээвэрлэсэн. Орчин үеийн технологийг ашиглан бүтээсэн “Мазаалай” хиймэл дагуул нь гарт баригдах хэмжээтэй бөгөөд 400 км-ын холоос сигнал хүлээн авч мэдээллийг дамжуулдаг тухай бид өмнө нь мэдээлж байсан. 


Монгол Улсын их сургуулийн номын санд өнөөдөр /2018.01.30/ Монгол Улс зайнаас тандан судлалын жижиг оврын дараагийн хиймэл дагуулыг хөөргөх талаар холбогдох эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр дараагийн хиймэл дагуулыг бүтээж, сансарт хөөргөснөөр Монгол Улсын шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг ч салбарын судлаачид онцоллоо.

“Шинжлэх ухааны зургаан хүрээлэн сансрын хиймэл дагуулын мэдээлэл ашигладаг”

Шинжлэх ухааны академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид

“Шинжлэх ухаан гэлтгүй бүхий л салбарт судалгаа, шинжилгээний ажил улам нарийсаж байж тухайн улсын хөгжилд чухал нөлөө үзүүлнэ. Дэлхий дахинд ч энэ судалгаа, шинжилгээг хөгжүүлэхийн тулд хиймэл дагуулыг өргөнөөр ашигладаг болсон. Монгол Улсын хувьд өргөн уудам нутагтай учраас сансрын орон зайнаас судалгаа хийх нь маш чухал ач холбогдолтой. Жишээлбэл, газар ашиглалт, хүрээлэн буй байгаль орчин, цэвдэг, цөлжилт, уул уурхайн асуудлууд байна. Манай академийн арван хүрээлэнгийн зургаан хүрээлэн нь өдөр тутмын хэрэгцээндээ сансрын мэдээг ашигладаг. Цаашдаа хиймэл дагуулыг хөөргөснөөр байнгын мэдээлэлтэй болж, үйл ажиллагаандаа тусгах зэрэг давуу талтай болно” гэдгийг Шинжлэх ухааны академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид ярилаа.

Мөн тэрбээр “Ерөнхийдөө хиймэл дагуулын хэрэгцээ бидний төсөөлснөөс их байгаа. Одоогоор манай улс өөрсдийн хиймэл дагуулгүй байна. Тиймээс хугацааны хувьд ойр ойрхон давтамжтай, газарзүйн байршлын нарийвчлал сайтай, бодитой мэдээлэл авах шаардлагатай байгаа. Гэтэл өнөөдөр хиймэл дагуулаар дамжуулан гурван сар юм уу зургаан сард хол давтамжтайгаар, нарийвчлалгүй мэдээлэл авч байна” гэв.

Монгол Улсын хэмжээнд нийт 17 төрлийн гамшиг осол тохиолдож байна. Цаг агаарын дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн тоо буурахгүй байгаа гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаач онцолж байлаа. Тодруулбал, ой хээрийн түймэр нь өмнөх онтой харьцуулбал 40 гаруй хувиар өссөн. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хиймэл дагуулаар дамжуулан мониторинг судалгаа хийж, өмнөх болон дараах нөхцөл байдлыг тодорхойлж,  цаг алдалгүй арга хэмжээ авах чухал ач холбогдолтой тухай албаныхан хэлж байв.

 “Дараагийн хиймэл дагуул ойролцоогоор 3-5 сая ам.долларын өртөгтэй байна”

Монгол Улсын их сургуулийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн мэргэжилтэн Д.Эрдэнэбаатар

Харин Монгол Улсын их сургуулийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн мэргэжилтэн Д.Эрдэнэбаатар ярихдаа “Мазаалай” хиймэл дагуулын төслийн зорилго нь хөгжиж буй орнуудын хүний нөөцийг бэлтгэх, хиймэл дагуулыг хэрхэн хийхийг сурах байсан. Энэ зорилго маань ч амжилттай хэрэгжиж, сансарт ажиллаж байна. Дараагийн микро хиймэл дагуулын зорилго маань Монгол Улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд ашиглаж болохуйц хиймэл дагуулыг Японы эрдэмтэн, судлаачидтай хамтран хийж, хөөргөх тал дээр ажиллаж байна. Ингэхдээ Монгол Улсын их сургуулийн багш нар Японы Хоккайдо, Тохокү их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтарч, бусад төрийн байгууллагууд дэмжиж байгаа. Зардал өртгийн хувьд хиймэл дагуул хэмжээнээсээ хамаараад харилцан адилгүй. Жишээлбэл, холбооны хиймэл дагуул нь 300-500 сая ам.доллар, зайнаас тандан судлалын жирийн хиймэл дагуул нь 100 орчим сая ам.долларын өртөгтэй байдаг. Монголын “Мазаалай” микро хиймэл дагуул 100 орчим мянган ам.долларын өртөгтэй байсан. Энэ удаагийн хиймэл дагуулын хувьд 3-5 сая ам.долларын өртөгтэй байх болов уу. Одоогоор анхан шатны хэлэлцүүлгийг хийж байгаа учраас тодорхой мэдээлэл гараагүй байгаа” тухай ярьсан юм.

“Монгол Улсад сансрын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх агентлаг хэрэгтэй”

ЗХУ-ын баатар, Монгол улсын баатар, Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа

Энэ үеэр ЗХУ-ын баатар, Монгол улсын баатар, Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа яриандаа “Монгол Улс сансрын талаарх төрийн нэгдсэн бодлого боловсруулах хэрэгтэй байна. Энэ бол бидний өмнө тулгамдаж буй томоохон асуудал. Өнгөрсөн жил Монгол Улс “Мазаалай” гэх микро хиймэл дагуулыг хөөргөсөн. Цаашдаа арай том хиймэл дагуулыг хөөргөх төсөл хэрэгжих гээд эрдэмтэн судлаачид ажиллаж байна. Энэ бүхний гол ололт нь сансрын зураг төслийг хийхээс эхлэн гадаадын их сургуулиудтай холбогдож, мэргэжлийн боловсон хүчинтэй болж байна. Өнгөрсөн жил хөөргөсөн “Мазаалай” хиймэл дагуул маань сүрхий амжилт гаргаагүй ч энэ бол анхны алхам. Төр засгаас ч гэсэн дэмжсэн. Бид цаашдаа сансрын салбарын үйл ажиллагааг төлөвлөж, бодлогыг нь хэрэгжүүлж байдаг нэгдсэн байгууллагатай болох цаг болсон. Дэлхийн ихэнх орон сансрын агентлагуудтай байдаг. Харамсалтай нь манай улсад ийм нэгдсэн бодлого алга байна. Эхний удаа заавал агентлаг байгуулна гэж төсөвт дарамт үзүүлэхгүйгээр сансрын мэргэжилтнүүдийн хороо байгуулж ч болно” гэдгийг хэлж байлаа.

А.Сүрэн

Гэрэл зургийг Э.Энхбат
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж