Оросын сөнөөгч АНУ-ын тагнуулын онгоцтой мөргөлдөх шахжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Оросын сөнөөгч АНУ-ын тагнуулын онгоцтой мөргөлдөх шахжээ

Оросын сөнөөгч АНУ-ын тагнуулын онгоцтой мөргөлдөх шахжээ

Хар тэнгисийн ойролцоо олон улсын агаарын орон зайд ОХУ-ын сөнөөгч онгоц, АНУ-ын тагнуулын онгоцтой мөргөлдөх дөхжээ. Оросын SU-27 болон АНУ-ын EP-3 тагнуулын онгоц ердөө 1.5 метрийн зайтай зөрсөн байна.

Оросын сөнөөгч онгоц АНУ-ын онгоцыг хоёр цагийн турш тасралтгүй дагаж, мөшгөсөн гэж АНУ-ын Тэнгисийн цэрэг мэдэгджээ. Харин Оросын Батлан хамгаалах яамнаас SU-27 сөнөөгч онгоцыг хөөргөсөн нь агаарын орон зайг ашиглах олон улсын дүрмийг зөрчсөн үйлдэл биш гэж тайлбарласан байна.

ОХУ 2014 онд Крымын хойгийг өөртөө нэгтгэснээс хойш байдал хурцадсан ч ОХУ болон НАТО-гийн цэргийн онгоцнууд дундын орон зайг ашигласаар байгаа юм.

АНУ-ын Тэнгисийн цэргийн албанаас гаргасан албан ёсны мэдэгдэлд Оросын сөнөөгч онгоц АНУ-ын тагнуулын онгоцны нислэгийн замд өмнүүр нь дайран өнгөрсөн тухай дурджээ. Түүнчлэн Оросын цэргийн онгоц олон улсын агаарын орон зайд үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй боловч болзошгүй аюул, ослоос сэргийлж, аюулгүй байдлыг хангаж, олон улсын стандартыг мөрдөх хэрэгтэйг анхааруулсан байна.

Харин Оросын Батлан хамгаалах яамнаас сөнөөгч онгоцны нисгэгчийн үйлдэлд стандарт бус зүйл байгаагүй гэжээ. Түүнчлэн АНУ-ын онгоц хилээс холдон явмагц сөнөөгч онгоц бааз руугаа буцсан гэж мэдэгдсэн байна.
 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж