“Утаагүй” зуухны түүх

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

“Утаагүй” зуухны түүх

“Утаагүй” зуухны түүх
  • НҮБ-аас 2030 он гэхэд орчин үеийн зуухыг бүх нийтээр хэрэглэх зорилт дэвшүүлж, түүндээ хүрч чадвал орчин үеийн эрчим хүчний хэрэглээг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх зөвлөмж гаргав.

  • Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл төдийгүй дэлхийн хамгийн бохирдсон хотуудын нэг юм. Улаанбаатар хотын гэр хорооллын утаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс үлэмж хэтрэн, хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлөх түвшинд хүрсэн гэсэн судалгааг 2010 онд гаргажээ.

  • Дэлхийн банкнаас Монголд 2009 оноос эхлэн хийсэн судалгаагаар нүүрсний өндөр хэрэглээтэй гэрийн сайжруулаагүй зуух нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болж гэр хорооллын РМ2.5-ын 70 хүртэлх хувийг ялгаруулдаг ба ядуу айл өрхүүд орлогынхоо 40 хүртэлх хувийг түлшний хэрэглээндээ зарцуулж байгаа нь ядуурлыг бууруулахад сөргөөр нөлөөлж буйг тогтоожээ. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн дулааны хангамжинд эрчим хүчинд хэмнэлттэй гэх шингэрүүлсэн хий зэрэг  өөр төрлийн түлшний эх үүсвэрийн  хамаарлыг бий болгож хүндрэл үүсгэлгүй, Монгол Улсын одоогийн бензин, түлшний нөөцөнд тулгуурлан давхар шаталттай боловч хортой хий бага ялгаруулдаг, түлшний хэмнэлттэй зуух импортоор оруулж ирэх нь цорын ганц шийдэл болохыг тогтоосон байдаг.

  • 2011-2012 онд хэрэгжүүлсэн Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл нь АНУ-ын Мянганы сорилтын корпорациийн санхүүжилтээр хийгдсэн компакт гэрээний нэг хэсэг бөгөөд хэрэглэгчдэд 90 орчим хувийн татаас олгосноор тэднийг гэр орондоо болон бусад үйл ажиллагаандаа түлшний хэмнэлттэй, утаа бага ялгаруулах бүтээгдэхүүнийг түлхүү авч хэрэглүүлэхийг нь дэмжихэд чиглэж  байсан.

  • 2011 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Эрдэс баялаг эрчим хүчний Яамнаас хэрэгжүүлсэн техник туслалцааны төслийн хүрээнд зуухны утаа ялгаруулах түвшин болон үр ашгийг турших лабораторийг байгуулсан юм. Тус лабораториар түлшний хэмнэлттэй хэд хэдэн төрлийн зуухыг утааны ялгаралт, түлшний хэрэглээ, үр ашгийн  үнэлгээ, зах зээлийн боломж зэрэг шалгуураар үнэлжээ. Эдгээр зууханд 80 гаруй туршилт хэмжилт хийхэд Сэлэнгэ констракшн ХХК-ийн оруулж ирсэн Турк улсад үйлдвэрлэгдсэн “Өлзий” (Mini Silver), “Хас” (Silver Turbo) болон Роял өүшн ХХК-ийн оруулж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Голомт”, “Дөл” зуухнууд PM2.5-ын ялгаралтыг 70-89%, нүүрсний хэрэглээг 11-26% бууруулж байв.

  • Сайжруулсан зуух нь шалгуурт тэнцсэн боловч оруулж ирсэн нэр бүхий компаниуд нь хөтөлбөрийн шаардлага хангах томоохон хэмжээний гарааны хөрөнгөгүй, санхүүгийн чадавх, хүний нөөц нь хүрэлцэхгүй  байжээ. Иймд Дэлхийн банк болон Олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд Мянганы сорилтын сангаар дамжуулан нэг дор урьдчилж 10 гаруй сая ам.долларын санхүүжилт гаргах, 150-200 мянган ширхэг утаа бага ялгаруулдаг, түлшинд хэмнэлттэй зуухыг оруулж ирэх чадамжтай үндэсний компаниудад санал тавьжээ.

  • Хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэн, зах зээлийн эрэлтийг хангахад туслах мэргэжлийн ноу хау, хэрэглэгчдийн хандлагын талаарх мэдээлэл, шинэ бүтээлч санааг хувийн хэвшлээс л авч болох тул тэдэнтэй хамтран ажиллах нь зах зээлд үндэслэсэн аливаа хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх чухал хүчин зүйл мөн хэмээн Олон улсын байгууллагууд үзэж байсан ч хувийн хэвшлийн томоохон төлөөлөгч нар үйл ажиллагаа ихтэй мөртлөө санхүүгийн ашиг бага байсан тул хөтөлбөртэй хамтран ажиллах сонирхолгүй байв.

  • МСС-ын тавьсан саналыг томоохон компаниуд сонирхохгүй байсан тул М- Си-Эс компани ашгийг урьтал болголгүй, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийг утаагүй орчинд амьдрахад хувь нэмрээ оруулах зорилгоор Сэлэнгэ констракшн ХХК-ийн хувьцааг худалдан авчээ. Голомт банкнаас арилжааны шугамаар авсан 17,8  тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтээр 76 мянган “утаагүй” зуухыг урьдчилан худалдан авах, тээвэрлэн авчрах, хадгалах, борлуулах, түгээх, суурилуулах бүхий л үйл ажиллагааг 2011-2014 онуудад хийжээ.

  • Сэлэнгэ констракшн ХХК төсөлд хамрагдсан 100 мянган өрх айлаас 6 дүүргийн 63 хорооны 75 мянган өрхөд “Хас”, “Өлзий” зуухнуудыг хүргэж ажиллахдаа, богино хугацаанд шахуу төлөвлөгөөний дагуу нийт 250 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ. Түгээлт, суурилуулалтын 50 баг, зөвлөгөө дуудлагын 15 баг, шалгалтын 12 баг бүрдүүлж, 51 машинаар өдөрт 800 хүртэл зуух түгээх хүчин чадалтай байжээ. Мөн зуухны талаарх санал гомдол хүлээн авах, мэдээлэл өгөх зорилгоор мэргэжлийн операторууд бүхий 7711-ZUUX (9889) дугаарыг ажиллуулж иргэдээс ирсэн гомдлыг 12-48 цагийн дотор бүрэн барагдуулах дуудлагын тусгай баг ажиллуулсан байна.

  • Хэрэглэгчид утаа багатай зуухыг бохирдол бууруулахаас гадна тэдний хувьд хамгийн чухал үзүүлэлтийн нэг болох түлш хэмнэдэг гэж үзэж байв.

  • Улаанбаатар хотын гэр хороолол болон захын дүүргүүдийн өрхүүдийн дийлэнх нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур ядуу амьдралтай бөгөөд Улаанбаатар хотод ажлын байр хайн хөдөө орон нутгаас олон өрх нүүдэллэн ирж, эдгээр гэр хороолол, захын дүүргүүдэд суурьшин, хүн ам, өрхийн тоог нэмэгдүүлж байна. Түүнчлэн айл өрхүүд хөнгөлөлттэй үнээр олгосон зуухыг өөрсдөө ашиглах гэрээнд гарын үсэг зурж байгаа ч үнийн хувьд ердийн зуухнаас хамаагүй хямд авч байгаа нь илүү үнээр цааш нь зарах сонирхлыг бий болгож байгааг Дэлхийн банкны судалгаанд дүгнэлт болгон бичжээ.

  • Уг төслийн үр дүнд Нийслэлийн агаарын чанарт эерэг өөрчлөлтүүд гарч байсныг 2010, 2011 оны 10 дугаар сарын харьцуулсан байдлаар дор үзүүлж байна.

Б.РАДНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж