Монголын залуучуудын асуудлаар илтгэл тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Монголын залуучуудын асуудлаар илтгэл тавьжээ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн Нью Йорк хотноо болсон “Залуучууд: Зөвшилцөл ба харилцан ойлголцол” сэдэвт НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганы Залуучуудын асуудлаарх өндөр хэмжээний уулзалтад оролцоод иржээ.

Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн арга хэмжээний нэгдсэн хуралдаан болон “Тогтвортой хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, залуучуудыг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд” сэдэвт салбар хуралдаанд үг хэлж, Монгол Улсын Засгийн газраас залуучуудын нийгмийн асуудлыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэм дэх оролцоог нь хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, үр дүн болон тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан байна. Монголын залуучуудын дунд боловсролын төвшин, хөдөлмөр эрхлэлтийн ялгаатай байдал улам нэмэгдэж, нийгмийн баялгаас тэгш хүртэж чадахгүй байгаагаас тэгш бус байдал улам нэмэгдэж байгаа талаар Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн онцлон тэмдэглэсэн байна. 

Энэхүү өндөр хэмжээний уулзалтыг НҮБ-аас 2010-2011 оныг “Залуучуудын олон улсын жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий Ассемблейн 65 дугаар чуулганы хүрээнд ийнхүү зохион байгуулж байгаа аж. Уулзалтаас залуучуудын хөгжлийг дэмжих, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор 17 чиглэл бүхий баримт бичгийг батлан гаргасан бөгөөд энэхүү баримт бичигт эн тэргүүнд залуучуудын дундах хавтгайрсан ажилгүйдлийг даван туулахыг уриалсан байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж