Хойд Солонгосын талаас Пёнчаны олимпийг угтан зохион байгуулахаар төлөвлөж байсан хоёр Солонгосын хамтарсан урлагийн үзүүлбэрийг цуцалсан байна.
Хоёрдугаар сарын 4-нд Хойд Солонгосын Кумганг ууланд зохион байгуулахаар төлөвлөөд байсан урлаг соёлын арга хэмжээг цуцалсан тухай Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгджээ.
Өмнөдийн хэвлэл мэдээллийн байгууллагууд тус улсын тухай доромж өнгө аястайгаар мэдээлсэн учир хамтарсан соёлын арга хэмжээг цуцлахад хүргэсэн гэж умардаас ирүүлсэн цахилгаанд дурдсан байна. Өмнөд Солонгосын Засгийн газар дээрх шийдвэрт гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.
Хоёр Солонгосын албаны хүмүүс өнгөрсөн сард дээд түвшний яриа хэлцэл хийж, олимпт хамтарч оролцохоос гадна хамтарсан урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсон юм. Мөн эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд нэгдэж оролцохоор бэлтгэл базааж байгаа билээ. Гэвч тамирчдын хооронд хэлний бэрхшээл тулгарч буй тухай мэдээлэл өчигдөр /2018.01.29/ цацагдсан юм.
Пёнчаны өвлийн наадамд Хойд Солонгосын 10 тамирчин уулын цана болон уран гулгалтын төрөлд өрсөлдөнө. Түүнээс гадна умардын талаас олон тооны төлөөлөгч, хөгжөөн дэмжигч, урлагийн төлөөллөө илгээхээр болсон юм.
С.ЦЭЛМЭГ