Засгийн газрын 100 хоногийн "сюрприз"

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Засгийн газрын 100 хоногийн "сюрприз"

Засгийн газрын 100 хоногийн "сюрприз"

Засгийн газар байгуулагдан, ажлаа эхэлсний 100 хоног өчигдөр тохиож, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нартайгаа мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлаа танилцуулсан. Засгийн газар 100 хоногт ямар ажил амжуулсныг тоймлон хүргэж байна. 

Эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээсэн байна. Мөн хортой нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох бол эрэгтэй 55, олон хүүхэдтэй эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарч болох аж. Түүнчлэн тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх шийдвэрээ эргэн харж 3 сар болгон бууруулахаар ОУВС-тай тохиролцжээ. 
 

 

Хүн амын орлогын албан татварын дөрвөн шатлалыг зогсоож, нэг шатлалтай болгохоор болсон байна. Ингэснээр татварын хувь хэмжээ өмнөх шатлал руугаа орох юм. Тус шийдвэртэй холбогдуулж, нэгдүгээр сард төлсөн татварыг буцааж олгохоор болжээ. 
 

 

Төрийн албан албан хаагчдын цалинг ирэх онд нэмнэ.

 

Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувь байсныг 80 болгож, нэмэхээр Олон улсын валютын сантай ярилцаж байна. 

 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Ингэснээр тус үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд ирсэн. Мөн "Эрдэнэт" үйлдвэрээс иргэдэд үнэ төлбөргүй хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргаад байна. Цаашдаа улсын үйлдвэрийн газруудаас иргэдэд хувьцаа олгох бодлогыг Засгийн газар барина. Ард иргэд нь хувьцаа эзэмшдэг, ашиг хүртдэг байх ёстой хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн юм.

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ ажиллагаа дуусч байгаа тухай Ц.Нямдорж сайд мэдэгдэв.

 

А-80, АИ-92  бензиний онцгой албан татварыг тэглэсэн бол өндөр октантай шатахууны онцгой албан татварыг хэвээр үлдээв. 

 

Засгийн газрын зүгээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Улаанбаатар хот руу нүүрс нэвтрүүлэхийг хориглох тухай төсөл санаачлахаар болсон тухайгаа мэдэгдэв. 
 

 

"Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Мөн өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгож эхэлсэн. 
 

 

Энэ онд 10 мянган айлыг ипотект, 2000 айлыг түрээсийн орон сууцанд хамруулна.
 

 

Европын Холбоо Монгол Улсыг татварын асуудлаар хамтран ажилладаггүй гэсэн үндэслэлээр хар жагсаалтад багтаасан байсан ч Засгийн газар шуурхай арга хэмжээ авснаар уг жагсаалтаас гарлаа.  Цаашид татварыг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг Засгийн газар хийнэ. 

 

Төсвийн алдагдал буурч 2017 онд 9 хувьд хүрсэн. 2018 онд төсвийн алдагдлыг 8 хувьд хүргэнэ. 
 

 

Монгол Улсын Засгийн газар энэ оны эхэнд Чингис бондын эхний 500 сая ам.долларын өрийг барагдуулсан.
 

 

БНСУ-ын Засгийн газраас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү зээл нь 0,2 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаа 30 жил бөгөөд үндсэн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлсөн. 
 

 

Зээлжих зэрэглэл эерэг болсон. Fitch агентлаг өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой”-гоос “эерэг” болгон дэвшүүлсэн. Тэгвэл “Moody’s" агентлаг урт хугацааны зээлжих зэрэглэлийг “САА1” байсныг В3 ангилалд шилжүүлсэн. 
 

 

Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгосон.
 

 

Тэтгэврийн зээлийн хүүг жилийн 12 хувь болгож, бууруулсан. 
 

 

Ахмадуудын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэснээр 393 мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна. 
 

 

Малчдын тэтгэврийн насыг бууруулж, эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарах боломжтой болсон. Энэ шийдвэрт 13 мянган малчин хамрагдана.  

 Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж