Э.А.Памфилова Элчин сайд Б.Дэлгэрмааг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Э.А.Памфилова Элчин сайд Б.Дэлгэрмааг хүлээн авч уулзлаа

Э.А.Памфилова Элчин сайд Б.Дэлгэрмааг хүлээн авч уулзлаа

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг ОХУ-ын Сонгуулийн төв хороо /СТХ/-ны дарга хатагтай Э.А.Памфилова хүлээн авч уулзлаа. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-д болох тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах их ажлын үеэр цаг зав гарган Элчин сайдыг хүлээн авч хоёр орны сонгуулийн төв байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож буйд Элчин сайд Б.Дэлгэрмаа талархал илэрхийлж, Монгол Улсын СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн мэндчилгээг ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга хатагтай Э.А.Памфиловад уламжлав.

ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга хатагтай Э.А.Памфилова удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мянга гаруй гадаадын болон олон улсын ажиглагчдыг оролцуулах чиглэлээр ажиллаж байгаа тухай болон 2009 онд Монгол, Оросын сонгуулийн байгууллагууд хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаас хойш хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгааг онцолж, цаашид хөгжих улам өргөн боломж байгааг тэмдэглэв. Хоёр орны сонгуулийн байгууллагын төлөөлөгчид харилцан айлчилж, бүх түвшин дэх сонгуулийг ажиглаж ирсэн бөгөөд энэ оны 3 дугаар сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй төлөөлөгчдийг урьж, энэ үеэр түүний ажлын айлчлалыг зохион байгуулах талаар санал солилцов.

ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга хатагтай Э.А.Памфилова Монгол Улсад сүүлийн хоёр жилд зохион байгуулсан Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц шударга, ардчилсан, ил тод зохион байгуулагдсан болохыг өндрөөр үнэлэв.

ОХУ-ын Сонгуулийн төв хорооны комиссын гишүүн Н.В.Левичев уулзалтын үеэр 2016 онд Монгол Улсын Их Хурлын сонгуульд ажиглагчаар оролцсон бөгөөд сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын үеэр өөрсөд нь суралцах шинэлэг зүйл олон байсныг дурдав. Түүнчлэн Монгол Улсын СЕХ Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны хүрээнд идэвхтэй ажилладгийг тэмдэглэж энэ олон улсын байгууллагын нэр хүндийг дээшлүүлэх, олон улсын тавцан дээр нэгдмэл байр суурь илэрхийлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын иргэний нийгмийн нэрт зүтгэлтэн, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч, алдарт улс төрч хатагтай Э.А.Памфиловатай ажлын шугамаар уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж ОХУ-ын Сонгуулийн төв хороо /СТХ/-ны дарга хатагтай Э.А.Памфилова тэргүүтэй гишүүдийг Монгол Улсын Элчин сайдын яаманд зочлохыг урилаа.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж