О.Алтангэрэл: Засгийн газар Байнгын хороо болсон

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

О.Алтангэрэл: Засгийн газар Байнгын хороо болсон

О.Алтангэрэл: Засгийн газар Байнгын хороо болсон

У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн тайлангаа өчигдөр тавьсан. Гэтэл Ардын засаг Үндсэн хуулийг зөрчсөн гэх асуудлаар өмгөөлөгч, хуульч О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд ханджээ.  У.Хүрэлсүхийн засаг яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа талаар түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.


-У.Хүрэлсүхийн  Засгийн газрыг  хууль зөрчиж байгуулагдсан гэж Үндсэн хуулийн цэцэд та ханджээ. Яагаад хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?

-Иргэн болон хуульч хүнийхээ хувьд энэ асуудлаар цэцэд хандсан. Өнгөцхөн харвал Засгийн газар хуульд зааснаар байгуулагдаад, ажлаа хийгээд явж байгаа мэт харагдавч Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг хэд хэдэн зүйл дээр зөрчсөн гэж үзсэн. УИХ-ын 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолоор томилогдсон Засгийн газрын 15 гишүүд нь бүгд УИХ-ын гишүүн. Тэдэнд нийт иргэн, улсын эрх ашгийг хамгаал хэмээн мандат өгч сонгосон боловч тэрхүү мандатаа энэ 15 хүн бүгд өөрийнхөө төлөө ашигласан. Бүгд өөртөө санал өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн биш хүн сайдаар томилогдох, УИХ-ын гишүүн хүн томилогдох хоёрын хооронд тэгш бус байдал үүсч байгаа. Гэтэл Үндсэн хуулийн маань нэгдүгээр зүйлд шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн заасан байгаа шүү дээ.

Мөн дээрх тогтоол нь Үндсэн хуулийн 20-р зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэснийг зөрчсөн. Гагцхүү УИХ л хууль тогтооно. Гэтэл өнөөдөр үнэн хэрэгтээ УИХ, Засгийн газар хамтран хууль тогтоож байгаа. Сайд болсон 15 гишүүн нь их хурлын гишүүнийхээ хувьд хүлээх үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

-Давхар дээлийн асуудал байнга яригддаг. Ер нь үе, үеийн Засгийн газрын сайдуудын дийлэнх нь давхар дээлтэй байдаг. Үүнээс болоод Засгийн газар нь хараат бус байж чадаж байна уу гэдэг асуулт бас тавигддаг л даа?

-Энэ үндэслэлийг бас мэдээлэлдээ дурьдсан. Засгийн газрын бүрэлдэхүүний 92.5 хувь нь давхар дээлтэй буюу Ерөнхий сайдаас бусад нь бүгд УИХ-ын гишүүд.  Үндсэндээ Ардын Засгийн газар  УИХ-ын нэг байнгын хороо мэт болж хувирсан. Үндсэн хуулийн 38.1-д “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гээд заачихсан байдаг. Гэтэл өнөөх гүйцэтгэх дээд байгууллагынх нь бие даасан, хараат байдал устаад хяналт тэнцвэр гээч зүйл үгүй болсон.

Монгол Улсад Засгийн газар хэлбэрийн хувьд байгаа ч агуулгаараа байхгүй гэсэн үг. Энэ бол үндсэн хуулийн төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг бүхэлд нь үгүйсгэж, зөрчсөн нэн харамсалтай явдал мөн.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр ажиллах боломжтой болсон гэж ойлгодог?

-Нэгхэн зүйлээр Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг үгүйсгэж болохгүй л дээ. Тэрхүү зүйлээр томилогдох боломжтой байлаа гэхэд 50 хувиас хэтэрснээрээ төрийн байгууллын талаарх үндсэн хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчиж байгаа юм. Засгийн газар УИХ-аас хамааралгүй бие даан өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэх боломж тэг болсон. Энэ нь эрх мэдэл хуваарилалтын зарчим 100 хувь алдагдсан гэсэн үг. Бүдүүн барагдуухан жишээ авахад жолоо барьж байгаа хүнд зөвшөөрөгдөх согтууруулах ундааны төвшин гэж байдаг даа. Тэрнээс хэтэрвэл хуулийн хариуцлага хүлээгэдэг. Энэнтэй адилаар өнөөгийн засгийн газрын бүрэлдэхүүн зарчмаас хэтэрхий давж байгуулагдсан гэсэн үг.

-Ерөнхий сайд парламентын гишүүн биш. Тиймээс   Засгийн газрын 50 хувь нь гаднаас томилогдсон гэсэн үг гэх тайлбар байдаг?

-Ийм үндэслэл огт байхгүй. Ерөнхий сайд бол хуулиар олгогдсон эрх, үүрэгтэй гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг нь үнэн. Гэхдээ Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиар Засгийн газар нь олонхын саналаар асуудлаа шийдвэрлэдэг. Цөөн асуудал дээр гишүүдийн дөрөвний гурвын ирцтэй, дийлэнх асуудал дээр гуравны хоёрын ирцтэйгээр хуралдаж шийдвэрээ гаргадаг. Тэгэхлээр Ерөнхий сайд бол шийдвэр гаргахад нэг л санал. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцордог нь шийдвэр гаргахтай хамааралгүй процесс л доо. Гэтэл Ерөнхий сайд бол Засгийн газрын гэсэн буруу ойлголтыг санаатайгаар түгээгээд байгаа.

-Эдийн засаг сайнгүй, төр нь тогтворгүй байна хэмээх шүүмжлэл ихээр гарч буй энэ үед таны мэдээллээр дээрх тогтоол Үндсэн хууль зөрчсөнийг Цэц тогтоолоо гэхэд дахиад л засаглалын тогтворгүй байдал үүсэх биш үү?

-Таны асуултад шууд үгүй гэж хариулна. Яагаад гэвэл Засгийн газар огцролгүйгээр зөвхөн гишүүдээ сольж томилоод асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Долоон сайд нь УИХ-аас, бусад нь гаднаас байхад л болчихно шүү дээ. Бүхэл бүтэн 65 гишүүнтэй намын хувьд энэ нь бүрэн боломжтой. Тэгээд ч энэ асуудал зөвхөн сайдад хамааралтай болохоос дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга зэрэг бусад албан тушаалтанд огт хамааралгүй учраас тогтворгүй байдал үүснэ хэмээн санаа зовох шаардлагагүй.

-Цэц энэ асуудлыг яаж шийдэх бол?

-Илтэд Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн ийм асуудлыг шийдвэрлэх байх, ядаж маргаан үүсгээд хэлэлцэх болов уу гэсэн найдлага байна. Цэцийн үндсэн үүрэг нь шүү дээ. Мэдээлэл маань ямар гишүүнд хуваарилагдсан бол, нэмэлт тайлбар өгөх боломж байх болов уу гээд лавлатал ямар гишүүнд хуваарилагдсаныг нууцалдаг болсон юм билээ. Дотоод журмандаа өөрчлөлт оруулсан юм байлгүй. Ер нь хуульч хүнийхээ хувьд цэцээр маргаан шийдвэрлэх процессийг ил тод болгож, хуульд нь өөрчлөлт оруулах цаг болж дээ гэж эрхгүй бодогдож байгаа.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж