Дорнод аймгийн эдийн засаг 8.2 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн эдийн засаг 8.2 хувиар өсчээ

Дорнод аймгийн эдийн засаг 8.2 хувиар өсчээ

Өнгөрсөн онд Дорнод аймгийн хувьд эерэг үзүүлэлт олноор нэмэгджээ. Энэ тухай мэдээллийг тоймлон хүргэе.

Нийгмийн салбарт:

Сүүлийн гурван жил дараалан хүн ам өсөв

Сүүлийн 3 жилийн хугацаанд Дорнод аймгийн хүн амын тоо тасралтгүй өсөж, 2016 онтой харьцуулахад хүн амын тоо 2.2 хувь, өрхийн тоо 3.1 хувиар тус тус өсчээ.                                      

Боловсролын салбарт Дорнодын хүүхдүүд үндэсний хэмжээнд манлайлав

Тус аймаг боловсролын чанарын үзүүлэлтээрээ сүүлийн дөрвөн жил дараалан улсын хэмжээнд тэргүүлж байна.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 21 аймаг, 9 дүүргийг тэргүүлж, 2014 онд 2-р байр, 2015 онд 1-р байр, 2016 онд 2-р байр, 2017 онд 1-р байранд тус тус эрэмбэлэгджээ.

Боловсролын салбарын амжилтаа үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2017 оны намар “Дорнодын боловсрол” өдөрлөгийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.

Таван жил дараалсан эхийн эндэгдэлгүй аймаг

Дорнод аймагт жилд дунджаар 1900 гаруй эх амарждаг бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд эхийн эндэгдэл гараагүй аж.

Тав дахь жилдээ эхийн эндэгдэлгүй ажилласан аймаг болж чадсан нь эрүүл мэндийн салбарын хувьд томоохон амжилт юм.

Өнгөрсөн онд 1922 эх эсэн мэнд амаржиж, 1934 нярай мэндэлжээ.

Эдийн засгийн салбарт:

Аймгийн эдийн засаг 8.2 хувиар өсөв

Дорнод аймаг 2017 онд 646.8 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Орхон аймгийн дараа буюу 21 аймгаас хоёрдугаарт эрэмбэлэгджээ.  

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр улсын хэмжээнд хоёрдугаарт, хүний хөжлийн индексээр гуравдугаарт тус тус эрэмбэлэгдэж байна. 

“Аймгийн өрсөлдөх чадварын түвшин хамгийн өндөр хувиар өсөв

Дорнод аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр 2015 онд 9 дүгээрт, 2016 онд 8 дугаарт байсан бол 2017 онд өрсөлдөх чадварын үзүүлэлт хамгийн өндөр хувиар өсч Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгийн дараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Тус аймгийн өрсөлдөх чадвар нэмэгдэхэд аймгийн эдийн засгийн өсөлт, төсвийн зарлага багасалт, аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил, хүн амын амьжиргааны түвшин дээшилсэн, бизнесийн үр ашиг огцом сайжирсан, чанаргүй зээл буурч, зээл авах боломж нэмэгдсэн, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, хүний хөгжлийн индекс өссөн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлжээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлдэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж