Дэлхийг донсолгосон хамгийн том цахим луйвар

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Биткойн буюу цахим мөнгө

Дэлхийг донсолгосон хамгийн том цахим луйвар

Дэлхийг донсолгосон хамгийн том цахим луйвар

Японд хакерууд цахим биржээс 425 сая ам.долларын валют хулгайлсан нь хамгийн том хулгайд тооцогдож байна. Энэ  хэргийн улмаас Засгийн газар нь цахим валютын гүйлгээний хяналтыг чангатгах арга хэмжээ авч эхэллээ. Харин хакердуулсан цахим арилжааны бирж Coincheck Inc  260,000 хөрөнгө оруулагчдадаа алдсан 425 сая ам.доллар буюу 46.3 тэрбум иенийг төлж, барагдуулна гэдгээ мэдэгдсэн.

Гэвч Coincheck Inc –ийн эзэд энэ их хэмжээний мөнгийг ямар эх үүсвэрээс гаргаж төлөх нь тодорхойгүй байгаа гэнэ.

Өөрийн вэб хуудсан дээрээ ‘крипто валют болон биткойны Ази дахь тэргүүлэгч цахим бирж” хэмээн бичсэн Coincheck Inc өнгөрсөн долоо хоногт хакеруудын халдлагад өртсөн юм. Хакерууд NEM нэртэй хөрөнгө оруулагчдын төдийлэн сайн мэдэхгүй цахим валютыг хакердсан нь 2014 онд Mt Gox-оос алдагдсан 400 сая ам.доллараас давсан юм.

Coincheck-ийн хулгайн хэрэг крипто валютын биржээр үйлчлүүлэгчдийн дунд гэнэтийн цохилт болсон төдийгүй бусад биржүүд, хөрөнгө оруулагчдад ч айдас, болгоомжлол бий болгоод байгаа гэнэ.

Coincheck энэ хэргийн улмаас биткойноос бусад бүх цахим валютын гүйлгээг зогсоосон байна.

Биржийг хакердсан тухай мэдээлэл тарсан даруйд NEM цахим валютын ханш 20 хувиар буурчээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан Японы Засгийн газар тус компанийг бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулахыг шаардсан бол санхүүгийн зохицуулах газраас компанийн үйл ажиллагааг шалгаж эхэлжээ. Coincheck-ийг хакердсан явдал цахим валютын гүйлгээнд халдсан хамгийн сүүлийн тохиолдол юм. Кибер гэмт хэрэгтнүүд харьцангуй шинэ, туршлагагүй, хамгаалалт сул боловч их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг компанийг онилдог байна.

Хонконгийн санхүүгийн технологийн зөвлөгөө үзүүлдэг PwC компанийн шинжээч Хенри ‘дэлхийн крипто валютын зах зээлд нүүрлэж буй хамгийн том эрсдэл бол хакерууд” хэмээсэн байна.

 Японы Mt Gox-оос дөрвөн жилийн өмнө хакерууд 400 сая ам.доллар хулгайлахаас өмнө тус компани крипто валютын гүйлгээгээр дэлхийд тэргүүлж байв. Гэвч дээрх хулгайн хэргийн дараа тус компани дампуурлаа зарлаж, мөнгөө алдсан хөрөнгө оруулагчдын хохирлыг одоо хэр нь барагдуулаагүй ажээ.

Биткойн болон бусад крипто валютын ханш өнгөрсөн хугацаанд гэрлийн хурдаар нэмэгдсэн нь хулгайчдын сонирхлыг соронз шиг татах болсон юм. Өнгөрсөн сард БНСУ-ын биткойны цахим бирж Youbit хэдэн сарын дотор хоёр удаа хакердуулсны улмаас дампуурлаа зарласан. Бас нэг тохиолдол нь Словенийн цахим валютын бирж NiceHash 70 сая ам.доллар хакердуулсны дараа мөн л дампуурсан байна. Цахим биржүүд богино хугацаанд асар их ашиг олдог хэдий ч кибер аюулгүй байдлаа сайжруулахад анхаарахгүй орхидог нь кибер халдлагад өртөх эрсдэл болдог.

Энэ нөхцөл байдлын улмаас зарим орны засгийн газар энэхүү цахим валютын гүйлгээг хэрхэн хянах, зохицуулах вэ гэдэг асуудалтай тулгарчээ.

Зарим улс оронд цахим валютын гүйлгээнд хатуу хориг тавьсан. Хятад цахим мөнгө биткойны гүйлгээг хориглох арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Японы засгийн газар цахим валютын гүйлгээнд уян хатан хандаж, өнгөрсөн жил биткойныг төлбөр тооцооны албан ёсны хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрч, цахим биржүүдэд арилжаа явуулах зөвшөөрөл олгож эхэлсэн.

Японы Засгийн газар цахим валютыг зохицуулах тухай шинэ журам гаргах тухай хэлэлцэж байсан ч Coincheck энэхүү журам гарахаас өмнө гүйлгээнд гарсан нь асуудал үүсгэж байгаа гэнэ.

Давосын зочид биткойныг мөнгөн тэмдэгт гэж тооцохгүй гэв

Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын халуун сэдвийн нэг нь цахим мөнгө биткойн байв. Өнгөрсөн онд ханш нь огцом өссөн цахим мөнгө биткойн технологийн шинэ үзэгдэл байснаа эдийн засгийн чуулгын хамгийн их хэлэлцсэн асуудал болж хувирсан.  Давост цугласан дэлхийн хамгийн баян, бас нөлөө бүхий хүмүүс биткойныг тун сонирхолтой хөрөнгө оруулалт гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч ам.доллар эсвэл иен шиг хэрэглэгдэхгүй учраас албан ёсны мөнгөн тэмдэгт гэж үзэхгүй гэдгээ тодорхой  мэдэгдсэн.

Биткойны ханш өнгөрсөн арванхоёрдугаар сард 20,000 ам.доллар хүрсэн боловч хэд хэдэн бирж хаагдаж, зарим улсын засгийн газар биткойны арилжааг хориглох тухай мэдээлэл тарсны дараа ханш нь 11,000 ам.доллар болж буураад байгаа билээ.

Шведийн төв банкны дэд ерөнхийлөгч Сесилиа Скинсли хэлэхдээ ‘Биткойныг хүмүүс хөрөнгө оруулах хэрэгсэл болгож ашиглахад буруу зүйл байхгүй. Гэхдээ биткойны ханш маш тогтворгүй учраас мөнгөн тэмдэгт болгож ашиглах боломжгүй” хэмээжээ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй гэмт хэрэгтнүүдийн гол хэрэгсэл болж буй крипто валютыг засгийн газар тун анхааралтай авч үзнэ хэмээн мэдэгдсэн.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 20,000 ам.доллар болж өссөн биткойны ханш одоо 11,000 ам.доллар болж буурсан ч хөрөнгө оруулагчид биткойны блокчэйн технологийг хамгийн найдвартайд тооцсон хэвээр байгаа юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж