Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Парисыг нөмөрсөн үер

Парисыг нөмөрсөн үер

Франц улсад өнгөрсөн долоо хоногт хэдэн өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас Сена мөрний ус эргээ халин үерлэжээ. Мөрний ай сав дагуу даваа гаригийн өдөр гэхэд үерийн усны түвшин 5.84 метр хүрсэн байна. Үерийн гамшиг 2016 болон 1910 оны хэмжээнд хараахан хүрээгүйг албаныхан мэдэгджээ. Өмнө нь 1910 онд Парис хотыг бүхэлд нь нөмөрсөн “зууны үер”-ийн усны хэмжээ 8.62 метр, 2016 онд 6.1 метрт хүрч байв. Хэдийгээр аадар бороо зогссон ч үерийн ус татрахад хэдэн өдөр эсвэл хэдэн долоо хоног шаардагдаж болзошгүйг албаныхан мэдэгджээ.

1910 оны үер

Үерийн улмаас Парис хотын алдарт Луврын музейн нэг давхрын хэсэг усанд автаж, хаалгаа барьжээ. Түүнчлэн жуулчлалын жижиг завины үйлчилгээг түр хугацаагаар хориглож, зөвхөн нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд туслахыг зөвшөөрч байна. Энэ нөхцөл байдалд Франц улсын аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амсаж байна. Учир нь Францын зочид буудлын холбоодоос мэдээлснээр өрөөний захиалга 25 хувиар буурсан аж. Зөвхөн зочид буудлын захиалга буурснаас Францын аялал жуулчлал хэрхэн хохирч байгааг харж болно.

Францын засгийн газраас  гамшгийн бүс дэх сургууль цэцэрлэг, авто замыг хааж, зарим эмнэлгээс өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Онцгой байдлын албаныхан 1500 хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. Мөн мянга гаруй өрх гэрэл цахилгаангүй байгаа аж. Үерийн гамшиг их байгаа ч Парис хотын албаныхан хангалттай бэлтгэлтэй байсныг онцолж байна. Парис хотын захирагч “Бидэнд үер болох эсэх бус хэзээ болох нь чухал. Бид үүнд бэлтгэлтэй байсан” гэж мэдэгджээ.

Үерийн гамшигт Францын 242 хот тосгон цаашлаад Норманд болон Ла-Маншийн хоолой өртсөн аж. Албаныхны тооцоолсноор үерийн хохирлын хэмжээ 30 тэрбум евро болж, таван сая хүний өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлжээ.

Крым хойгийн дайнд оролцсон Франц цэргийн хөшөө нь Сена мөрний усны түвшинг хэмжих баримжаа болсоор иржээ. Бямба гаригийн үд гэхэд үерийн усны түвшин түүний бугуйн дор хүрсэн байна. 1910 онд үерийн усны түвшинд хөшөөний хүзүү хэсэгт тулж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж