Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

76:1
“Бага Удвал”

“Ньюс” агентлаг 76:1 булангаараа УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийг танилцуулж байна.

УИХ-ын 2016 оны сонгуульд 12 дугаар тойрогт ялалт байгуулсан гишүүн бол “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг юм. Зохиолчид түүнийг “Бага Удвал” хэмээн авгайлах дуртай. Монголын утга зохиолд гаргасан мөр, Зохиолчдын эвлэлийг удирдаж ажилласан нь ийм “нэр”-тэй болгожээ.

Улс төрд өрсөлдөх бэлтгэлээ найрагчийг Монголын Зохиолчдын эвлэлийг удирдаж ажилласан үеэс хангасан ч гэж үзэх нь бий. Мөн энэ хугацаанд Авлигатай тэмцэх газарт шалгагдахаас эхлээд юм, юм л үзсэн. Санхүүгийн шалгалт хийхэд “но” илрээгүй тул дахиж ороогоогүй.

Анхны ялалт нь ч амар ирээгүй. Нэр дэвшсэн үеэс яруу найрагч Ц.Хулангийн хатуу ширүүн довтолгоонууд ирж, сорьж байсан ч Ардын уран зохиолч Б.Догмидоос эхлээд өмөөрөх хүн олон гарсан.

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Ажлын гараагаа 1995 онд “Засгийн газрын мэдээ” сониноос эхлүүлж байжээ.

1990-ээд оны “Болор цом” яруу найргийн наадмын гол төлөөлөгч болж байсан яруу найрагчдын нэг. Үзэгч, сонсогчид тус наадмыг яруу найрагч Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг наргүйгээр төсөөлдөггүй байлаа. Монголын яруу найргийн гурван марал “Болор цом”-д өрсөлдөхгүй бол уйтгартай гэх үг хэллэг гарсан нь ч ийм учиртай.

“Болор цом”-д дөрвөн удаа айрагдаж байж, арван жилийн дараа буюу 2000 онд цомыг нь гардсанаар утга зохиолын ертөнцийнхөн төдийгүй яруу найрагч шимтэн сонирхогчдоо хязгааргүй баярлуулсан. Нутгийнхан нь түүнийг улсын начин Ш.Лхагвасүрэнгийн гэргий гэдгээр нь андахгүй.

УИХ-ын гишүүнээр ажилласан нэг жил гаруйн хугацаанд Ц.Цогзолмаа, Н.Учрал нарын хамтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл зэргийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байжээ.

Хүүхдийн эрхийн хамгаалал, боловсролын салбарт хийх шинэчлэл зэргээр дуу хоолойгоо хүчтэй илэрхийлсээр ирсэн гишүүдийн нэг. Өөрийн гэсэн үзэл баримтлалтай, тууштай улстөрчдийн нэг хэмээн тодорхойлж болно.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг тэрбээр эцсээ хүртэл зогссон. Тодруулбал, УИХ-аар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал хэлэлцэхэд “Энэ Засгийн газар огцорлоо гэхэд 76 хохирохгүй, ард түмэн хохирно шүү” гэдгийг сануулж байлаа.

Улс төрийн карьер нь хэр урт үргэлжлэх вэ гэдэг нь бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаас нь ихээхэн шалтгаална.

Төгссөн сургууль, мэргэжил

1991 онд Дорноговь аймгийн 1 дүгээр дунд сургууль

1995 онд Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр

2013 онд Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистр

Ажилласан байдал

1995-1998 онд “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч

1999-2000 онд “Зууны мэдээ” сонинд албаны дарга

2000-2004 онд “Нью Майнд” ХХК-д хэвлэл мэдээллийн ажилтан

2004-2009 онд “Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2009-2016 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал

2008 онд Соёлын тэргүүний ажилтан

2009 онд Алтан гадас одон

Гадаад хэл

Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж