Төсөвт тодотгол хийхгүй, нөхөх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Төсөвт тодотгол хийхгүй, нөхөх боломжтой

Төсөвт тодотгол хийхгүй, нөхөх боломжтой

Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа өчигдөр /2018.01.29/ танилцуулсан. Энэ үеэр тэтгэврийн нас, татварын нэмэгдлийг цуцлахаар болсон тухайгаа мэдэгдсэн юм. 

Тодруулбал, эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээсэн байна. Мөн хортой нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох бол эрэгтэй 55, олон хүүхэдтэй эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарч болох аж. Түүнчлэн тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх шийдвэрээ эргэн харж 3 сар болгон бууруулахаар ОУВС-тай тохиролцжээ. 
 
Хоёрдугаарт, Хүн амын орлогын албан татварын дөрвөн шатлалыг зогсоож, нэг шатлалтай болгохоор болсон байна. Ингэснээр татварын хувь хэмжээ өмнөх шатлал руугаа орох юм. Тус шийдвэртэй холбогдуулж нэгдүгээр сард төлсөн татварыг буцааж олгохоор болжээ. 

Гуравдугаарт, Төрийн албан албан хаагчдын цалинг ирэх онд нэмэх аж.
 
Дөрөвдүгээрт, Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувь байсныг 80 болгож нэмэхээр ярилцаж байгаа аж. 

Засгийн газар эдгээр асуудлыг УИХ-д хууль болгон өргөн барихаар болжээ. Учир нь намрын чуулган удахгүй хаалтаа хийнэ. Тиймээс чуулган завсарлахын өмнө дээрх асуудлуудыг бүрэн шийдвэрлэх чигтэй ажиллаж байгаа юм байна. Дээрх асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах зүйлийг тодруулсан юм. 

-Татварын нэмэгдлийг ОУВС-тай тохиролцсоны үр дүнд нааштай шийдвэрүүд гарсан гэж хэллээ. Үүнээс гадна өөр ямар асуудлуудаар хэлэлцэв?

– ОУВС-тай гэрээ хэлэлцээрүүд хийгээд явж байна. ХАОАТ-ыг буцааж хуучин байсан хэлбэрт нь оруулж, тэтгэврийн насыг сонголттой болголоо. Үүнээс гадна татвартай холбоотойгоор Татварын ерөнхий хууль, ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, ХАОАТ-ын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Бизнес эрхлэгчдэд ойлгомжтой татварын хуулийг хэрэгжүүлэх, энгийн болгох чиглэлээр энэ хуулийг санаачилж байна. ОУВС-тай хийх хэлэлцээ цааш үргэлжилнэ. Энэ хөтөлбөрийг дагаад АНУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг дэлхийн томоохон улсууд Монголд өөрсдийн татвар төлөгчдийн мөнгөө хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар өгч байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд хамтарч оролцож байна. Ийм учраас бид яриа хэлэлцээгээ хамтарч хийж, гарц шийдлээ гаргана. Нэг зүйл тогтчихоод хатуу чанга явна гэсэн үг биш. 

-ОУВС-тай хэлэлцээр хийж, зарим татвараа буулгах шийдэлд хүрчээ. Тэгэхээр төсөвт тодотгол хийх үү?

-Төсөвт тодотгол хийхгүй. Энэ байр сууриа хэвээр хадгална. Төсвийн тодотгол нь төсвийн сахилга батыг алдагдуулдаг. Тодорхой хуулиуддаа өөрчлөлт оруулаад, асуудлыг шийдээд явна. Энэ онд эдийн засаг сэргэх төлөвтэй байгаа тул орлогын бусад нэмэгдлээс нөхөхөөр ажиллаж байна. Шатахууны гаалийн онцгой албан татварын тэглэлтэд 68 тэрбум, ХХОАТ-ын шаталсан бууруулалтад 51 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг нөхөх бүрэн боломжтой.

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж