Сүмогийн холбоо бүх бөхчүүдээс байцаалт авахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Сүмогийн холбоо бүх бөхчүүдээс байцаалт авахаар болжээ

Сүмогийн холбоо бүх бөхчүүдээс байцаалт авахаар болжээ

Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү башёгийн сүүлийн өдөр цол өндөр бөхчүүдийн хамт мэдэгдэл хийв. 2018.01.28

Сүмогийн ертөнцөд нэг нэгнээ зодож танхайрсан, маргалдсан гэх хоёр ч хэрэг мандсан учир Японы сүмогийн холбоо бүх сүмочдоос байцаалт авахаар болжээ. Тэднийг сүмод хөл тавьсан цагаас хойш хэзээ нэгэн цагт, ямар нэг байдлаар зодуулж, дарамтлуулсан, мөн танхайн хэргийн хохирогч болсон эсэхийг нягтлах гэнэ.

Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү өчигдөр /2018.01.28/ Спортын сайд Ёшимаса Хаяашитай уулзах үедээ энэ шийдвэрийнхээ талаар танилцуулжээ. 

Сүмогийн холбоо хоёрдугаар сард багтаан энэ асуудлыг хариуцаж ажиллах тусгай зөвлөл байгуулах гэнэ. Тус зөвлөлд хөндлөнгийн шинжээчдийг оруулахаар төлөвлөжээ.

“Дуулиант явдлуудын дараа сүмогийн нэр хүнд сэвтсэн гэж бодож байна. Тиймээс Сүмогийн холбоо даруй шинэчлэгдэх шаардлагатай тулгарлаа” гэж Хаккакү сэтгүүлчдэд хэлсэн байна.

Ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийг зодог тайлахад хүргэсэн дуулиан, мөн 2014 онд залуу сүмоч дэвжээний бөхдөө зодуулсны улмаас хүнд гэмтсэн хэрэг илчлэгдсэн зэрэг асуудалтай холбоотойгоор Хаккакү энэ сарын башёгийн сүүлийн өдөр сүмо сонирхогчдоос уучлал хүсч, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авахаа амласан юм.
 

С.ЦЭЛМЭГ  

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж