Австрали улс ирэх 10 жилийн хугацаанд батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлж, зэвсгийн экспортоор дэлхийн топ 10 улсын нэг болох зорилго тавьжээ. Ингэхдээ АНУ, Их Британи, Канад, Шинэ Зеланд болон Ази болон Ойрхи Дорнодын орнуудад нийлүүлэх зэвсгийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Одоогоор тус улс жилд хоёр тэрбум австрали долларын үнэ бүхий зэр зэвсэг экспортолдог аж. Энэ үзүүлэлтээр дэлхийд 20 дугаарт бичигддэг байна.
Австралийн Ерөнхий сайд Малколм Тернбуллын мэдэгдсэнээр зэвсэг үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох зэргээр төрөөс дэмжих гэнэ. Тодруулбал, зэвсэг болон бусад батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад олгох зээл хэлбэрээр 3.8 тэрбум австрали доллар төсөвлөжээ. Түүнчлэн Засгийн газраас тусдаа үүрэг бүхий агентлаг байгуулахаар болсон байна.
Дашрамд, Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны институтийн тайланд дурдсанаар зэвсгийн экспортын үзүүлэлтээр АНУ дэлхийд тэргүүлдэг аж. Араас нь ОХУ, БНХАУ, Франц, Герман болон Их Британи бичигддэг байна.
С.ЦЭЛМЭГ