АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Доналд Трампад ялагдсан Хиллари Клинтон Грэммийн тайзнаа “морилов”.
Ёслолын арга хэмжээний үеэр том дэлгэцээр цацсан хошин бичлэгт хатагтай Клинтон урлагийнхны хамт гарч ирсэн юм. Дуучин Шер, реппер Снуп Догг, Карди Би, Жон Леженд, ДиЖей Халед болон Тэргүүн хатагтай асан Клинтон нар “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордонд” номын “оргил” хэсгүүдээс уншсан.
Сэтгүүлч Майкл Вулфын бичсэн уг номонд Трампын Цагаан ордонд өнгөрүүлсэн эхний жилийн тухай өгүүлсэн юм. Ерөнхийлөгч, түүний гэр бүлийнхний тухай хувийн чанартай мэдээллүүдээс гадна нийгэмд шуугиан тарьсан сэдвүүдийн хүрээнд, мөн хаалттай хаалганы цаана болсон зүйлсийн талаар бичсэн нь олны анхаарлыг татсан юм.
On the hunt for a GRAMMY Award of his own, James Corden auditions celebrities for the spoken word version of Michael Wolff’s ‘Fire and Fury.’ pic.twitter.com/SjTobAbv2N
— The Late Late Show with James Corden (@latelateshow) January 29, 2018
Хиллари Клинтон бичлэгийн төгсгөл хэсэгт гарна. Номоор нүүрээ таглаж байгаад аажим буулгахад түүнийг харсан үзэгчид орилолдон хүлээн авчээ. Клинтон “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордонд” номоос Трамп түргэн хоолонд ямар дуртай болохыг илэрхийлсэн хэсгийг уншсан юм. “Түүнд хордчихож магадгүй гэдэг айдас үргэлж байдаг байсан. Гэхдээ МакДоналдст дурладаг ганц шалтгаан бий. Түүнийг ирж явааг урьдаас хэн ч мэдэх боломжгүй, бас хоолоо урьдчилаад хийгээд бэлдчихсэн байдаг учраас тэр”…
Грэммийг зохион байгуулагчид хэдэн долоо хоногийн өмнөөс Хиллари Клинтонтой холбогдож, дээрх бичлэгийг хийжээ. Бичлэгийн талаар номын зохиолч одоогоор ямар нэг зүйл хэлээгүй байна.
Харин НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли тэрхүү бичлэг цацагдсаны дөнгөж дараа твиттертээ “Би Грэмми үзэх дуртай. Гэвч урлагийнхан “Гал ба уур хилэн” номын хэсгээс уншсан нь ёслолыг бусниулаад хаячихлаа. Агуу хөгжмийн урлагийг хогтой бүү хутга. Бидний зарим нь улс төрөөс ангид учраас хөгжимд дурладаг юм” гэж бичжээ.
“Гал ба уур хилэн” ном худалдаанд гараад нэг сар ч болоогүй боловч хэдийн 1.7 сая хувь борлогдоод байгаа юм.
С.ЦЭЛМЭГ