Гар тээшинд хэрхэн хязгаарлалт тогтоодог вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Гар тээшинд хэрхэн хязгаарлалт тогтоодог вэ?

Гар тээшинд хэрхэн хязгаарлалт тогтоодог вэ?

"Туркиш Эйрлайнс компанийн нислэгээр зорчих гэж байгаа иргэд анхаарна уу. Найман кг-аас дээш жинтэй гар тээш онгоцонд оруулахаа больсон байна. Зөвшөөрсөн жингээс илүү бол заавал мөнгө төлнө’ гэсэн мэдээлэл өчигдрөөс сошиал хэрэглэгчдийн дунд таржээ. 

Иргэд аливаа авиа компаниар үйлчлүүлэхдээ нислэгийн мэдээлэлтэй бүрэн танилцах хэрэгтэй гэдгийг авиа компаниудаас анхааруулж байна. Учир нь, авиа компани бүр ачаа тээш, гар тээшинд тодорхой жингийн хязгаарлалтыг зааж өгсөн байдаг ажээ. Энэ нь тухайн авиа компанийн онгоцтой холбоотой гэнэ.

Тэгвэл "Туркиш Эйрлайнс" компанийн хувьд бизнес ангилалд гар тээш нь хоёр хэсэг байж болох бөгөөд тус бүрдээ жин нь 8 кг-аас хэтрэхгүй байхаар заасан байдаг ажээ. Харин бусад тохиолдолд гар тээш нь нэг хэсэг байх бөгөөд жин нь  8 кг-аас хэтрэхгүй байх ёстой юм байна. Мөн тээшний хэмжээ нь 55x40x23 см гэсэн харьцаатай байхыг зөвлөдөг ба эдгээр нь өмнө нь ч мөн мөрдөж ирсэн зохицуулалт аж. Шинээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй болохыг албаны хүмүүс тайлбарлалаа.  Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та  ЭНД  дарж, харах боломжтой.

Гэхдээ ганц "Туркиш Эйрлайнс" компани гар тээшиндээ жингийн хязгаарлалт тавьдаггүй аж. Бусад авиа компаниудад ч гэсэн энэ төрлийн хязгаарлалт байдаг. Жишээлбэл, МИАТ компанийн хувьд бизнес ангиллын гар тээш хоёр хэсэг байхыг зөвшөөрдөг ба жин нь нийтдээ 10 кг, харин энгийн суудлын гар тээш нь 5 кг байж болно гэж үздэг ажээ. Гар тээшний хэмжээ нь 55X20X40. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж харах боломжтой. 

Мөн Аэрофлот компанийн хувьд бизнес ангилал нь 15 кг хүртэл жинтэй гар тээш онгоцонд оруулах боломжтой бол энгийн ангиллын суудалд 10 кг хүртэлх гар тээшийг онгоцонд үнэгүй оруулах боломжтой юм байна. Харин гар тээшний хэмжээний хувьд урт нь 50 см, өргөн нь 40 см, өндөр нь 20 см байж болох ажээ.  Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж харах боломжтой. 

Энэ мэтчилэн бүх авиа компаниуд ачаа тээш болон гар тээшиндээ тодорхой жингийн хязгаарлалт тавьсан байдаг юм байна. Иймээс иргэн та үйлчлүүлж буй авиа компанийн албан ёсны сайтаас тээшнийхээ жин, хэмжээний талаарх мэдээллийг эхлээд авч байх нь илүүдэхгүйг сануулъя. 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж