Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос Оросын багийн 28 гишүүн, тэдний дотор 22 дасгалжуулагч, зургаан эмчийг Пёнчаны олимпийн наадамд оролцохыг зөвшөөрсөнгүй. Энэ талаар Оросын олимпийн хорооны эх сурвалжийн мэдээллийг ИТАР-ТАСС мэдээлжээ.
“Дасгалжуулагч болон бусад албаны хүмүүс, төлөөлөгч гээд нийт 280 хүний нэрсийн жагсаалтыг ОУОХ-нд илгээсэн. Харин тэндээс 22 дасгалжуулагч, зургаан эмчийн нэр хасагдсан. Гэхдээ энэ нь хасагдсан тамирчдын тоотой харьцуулахад харьцангуй бага юм. 214 тамирчны нэр илгээснээс ОУОХ ердөө 169 тамирчныг олимпод оролцохыг зөвшөөрсөн” гэж эх сурвалж хэлсэн байна.
ОУОХ-ноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-нд ОХУ-ын үндэсний шигшээ багийг төрийн санхүүжилтээр допингийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр 2018 оны өвлийн олимпод оролцохыг хориглосон юм. Ингэхдээ Оросын тамирчдыг допингоос ангид, “цэвэр” гэдгээ баталсан тохиолдолд ОУОХ-ны тугийн дор өрсөлдөхийг эрхийг нээлттэй үлдээсэн.
Энэ дагуу Оросын олимпийн хорооноос гаргасан тамирчдын нэрсийг жагсаалтыг хянаж үзээд ОУОХ-ноос 169 тамирчныг айсуй өвлийн наадамд оролцохыг урьжээ. Гэвч шорт-трекийн тамирчин Виктор Ан, биатлонч Антон Шипулин, цаначин Сергей Устюгов, тэшүүрчин Павел Кулижников, Денис Юсков, уран гулгагч Ксения Столбова, Иван Букин гээд олимпоос медаль хүртэх өндөр магадлалтай гэгдэж байсан шилдэг тамирчид хасагдсан юм.
С.ЦЭЛМЭГ