Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ онд Оросын нэрт зохиолч В.Красногоровын долоон жүжгийг найруулагч найруулан тавьж, үзэгчдийн хүртээл болгож байгаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс эхлэн “Солиотой жүжиг”, дөрөвдүгээр сарын 7-нд “Яаж амьдрах юм бэ”, 14-нд “Хунгийн дуу” зэрэг жүжгүүд үзэгчдийн хүртээл болсон бол энэ сарын 21-нд найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн нээлт боллоо. Тус жүжигт гавьяат жүжигчин У.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Т.Хулан, Б.Тамир нар тогложээ.

… Зочны өрөөнд хоёр эрэгтэй чанга чанга дуугаар ярилцана. Дөч гарч яваа эрэгтэй гэрийн эзэн аж. Харин түүний хуурай дүү залуухан эрэгтэй баярын ширээ засангаа түүний ярихыг их л идэвхтэй сонсоно. Гэрийн эзэн эхнэрээсээ салах долоон шалтгаанаа түүнд бухимдуу бөгөөд гомдолтойгоор тайлбарлана. Харин залуу “Салах шалтгаан чинь хангалтгүй байна гэж үгүйсгэн, хуримын ойгоороо салж болохгүй, таны баярын өдөр шүү дээ” гэж ятгавч, гэрийн эзэн уурлан амьдрал дээр аз жаргалтай гэр бүл гэж байхгүй. Бүгд л хөшигний цаана нуугдаж, аз жаргалтай мэт дүр эсгэдэг. Энэ бол нүдэнд харагддаг хуурмаг зүйл, насанд хүрсэн хүн болгон салахыг хүсдэг. Чи ч гэсэн салсан биз дээ гэж залуу руу хашхиран хэлдэг ч цагаа ололгүй хэлсэн “Салсан” гэдэг үг хэн хэнд нь том цохилт болон дуугаа хураацгаах аж. Залуу эхнэрээсээ салснаа “Анхнаасаа л би эхнэр аваагүй, тэр намайг аваад суусан там шиг амьдралыг тэвчих гэж хичээгээд ч дийлээгүй. Харин таных бол өөр” гээд л ухуулж өгнө. Гэрийн эзэгтэй гаднаас ирж, нөхөртөө хуримын ойн бэлэг өгөв. Гэрийн эзэнд бэлэг таалагдаагүй нь тэднийг хэрэлдэх бас л нэг шалтаг болдог. Эхнэр, нөхрийн гэр бүлийн харилцаа таарамж муутай, хоёр биенээ ойлгохыг хүсдэггүй, зөвхөн салалт л хэн хэнд нь хэрэгтэй мэт бодоцгоодог. Эхнэр хэдийнээ нөхрийнхөө хуурай дүүтэй амрагийн харьцаатай түүгээр дамжуулан салах тухай нөхрөө ятгуулхыг хичээдэг ч залууд зарлага багатай хүний эхнэр таалагддагийг яахан мэдэх билээ. Гэр бүлийн амьдралд цэг тавин, гэрлэлтээс айн, бусдын эхнэртэй амрагладаг түүнд гэрийн эзэн эхнэрээсээ салах гэж байгаа нууцаа дэлгэв. Саяхан тэдний хотод нүүж ирэн, эхнэртэй нь хамт ажилдаг залуухан бүсгүйтэй амраг болсноо хэлж, эхнэрээсээ л салчихвал жаргана гэж боддогоо ч нуулгүй ярих аж. Тэр бүсгүй нь эхнэрийнх нь хуурай дүү энэ баяр дээр уригдсан удахгүй ирнэ, эхнэр нь энэ тухай юу ч мэдэхгүй гэж сайрхана. Хүлээж байсан зочин ирэн тэр дөрөв баярын ширээнд сууцгаана. Эхнэр, нөхөр зочдоо хооронд нь танилцуулдаг. Гэвч тэр хоёр эртний танилууд байв…жүжиг цааш улам л ээдрээтэй болно. Тэд салалтаар юуг өөрчлөх бол оо?…Сая сая хүмүүс хэнд ч хэлж чадахгүй нэгэн дээвэр дор аз жаргалгүй амьдран зовдог. Жүжиг инээдэмтэй юм шиг хирнээ эмгэнэлтэй сэтгэгдэлийг төрүүлсэн. Гэр бүлийн урвалт, нууц, хүний хүнд шунах хүсэл, үл ойлголцол, хардалт, нэг нэгнээ үгүйсгэх энэ бүхэн яаж төгсхийг та мэдэхийг хүсэж байвал драмын театрыг зориорой.
Г.Даша