Инфляцын аюул хол байна

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Инфляцын аюул хол байна

Инфляцын аюул хол байна

Аж ахуйн нэгжүүд инфляцын өсөлтийг 4.6 хувиар төсөөлжээ

Бидний ярьж хэвшсэн инфляц нь үнийн хэмжүүрийн зөвхөн нэг үзүүлэлт. Хэдий тийм боловч өрхийн эдийн засгийн тамир тэнхээг байнга шалгаж байдаг. Зөвхөн амьжиргаанд сорилт болоод зогсохгүй төсөв, мөнгөний бодлогод дарамт үүрүүлдэг. Тиймээс үе үеийн Монголбанкны Ерөнхийлөгчийн толгойны өвчин нь болж ирсэн. Тэгвэл энэ оны хувьд инфляц төв банкны зорилтот түвшинд ойролцоо байх төлөвтэй байна. Үүнийг илтгэсэн судалгааны үр дүнг Монголбанкнаас танилцууллаа. Энэхүү судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь инфляцыг найм орчим хувьтай байхаар хүлээж байна. Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр улиралд явуулсан уг судалгаагаар иргэд инфляцыг энэ оны эцэст 8.4 хувьтай байх хариулт өгчээ. Харин шинжээчид 8.1 хувиар таамаглаж байгаа бол аж ахуйн нэгжүүд инфляцын өсөлтийг 4.6 хувиар төсөөлсөн байна. Инфляц өндөр байх нь таны орлого, мөнгө төдий чинээ үнэгүйдэж байна гэсэн үг. Ингэснээр иргэдийн амьдралын түвшин болон хадгаламжийн бодит үнэ цэн буурахад хүргэдэг.

Тэгвэл энэ оны хувьд инфляцын аюул хол байх нь ээ. Инфляц жилийн 10 хувь байна гэж бодъё. Та банкинд мөнгөө жилийн найман хувийн хүүгээр хадгалах уу. Хэн ч инфляциас бага түвшинд хадгаламж хийхийг хүсэхгүй. Олон улсын туршлагад түшиглэн иргэд, аж ахуйн нэгж болон шинжээчдийн инфляцын хүлээлтийг төв банк улирал бүр тооцдог болсон. Эл судалгааны оролцогчид энэ оны эдийн засгийн төлөв байдлыг эерэг хэмээн дүгнэжээ. Гэхдээ аж ахуйн нэгжүүд инфляцын өсөлтийг хоёр дахин багаар тооцоолсон байна. Иргэдийн эдийн засгийн хүлээлт 2017 оноос хойш тогтмол өсөж байгаа. Энэ нь иргэдийн дунд эдийн засгийн байдал сайжрах төлөв ажиглагдана гэсэн эерэг хүлээлт давамгайлж байгаатай холбоотойг “Инфляцын хүлээлт” судалгаанд дурджээ.

Иргэд ирэх нэг жилийн хугацаанд эдийн засгийн ерөнхий байдал сайжрах хэрээр өрхийн санхүүгийн байдалд дагаад сэргэнэ гэсэн хүлээлт давамгайлж байна. Иргэдийн өрхийн санхүүгийн байдлын индексээс харахад иргэдийн дийлэнх нь ирэх хугацаанд өрхийн төсөв дээрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар 2417 төгрөгтэй тэнцэж, сүүлийн 14 хоногийн турш төгрөгийн ханш чангарчээ. Ханшийн хүлээлтийн чиглэлийн индексээс харахад, 2017 оны нэгдүгээр улирлаас эхлэн иргэдийн хувьд төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлт огцом нэмэгдсэн байна. Иргэдийн дунд төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлт өндөр хэвээр байгаа нь төгрөгт итгэх иргэдийн итгэл сэргэж буйн дохио. Судалгаанд хамрагдсан иргэдийн хувьд ирэх 12 сарын хугацаанд зээлийн хүү бага зэрэг өндөр хэвээр байна гэсэн хүлээлттэй байна. Ирэх гурван сарын хугацаанд банкууд хөдөө аж ахуй, боловсруулах болон худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн шалгуураа бага зэрэг сулруулах төлөвтэй байна. Том банкууд зээлийн эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа бол дунд банкууд бага зэрэг буурна гэсэн хүлээлттэй байна. Банкууд цалин болон хэрэглээний зээлийн шалгуураа сулруулах төлөвтэй байна. Нийт банкуудын хувьд өрхийн зээлийн эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж