Пүрэвдоржийн Орхон “Бага дэлхийн аварга”-ын “босоо” аварга

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Пүрэвдоржийн Орхон “Бага дэлхийн аварга”-ын “босоо” аварга

Пүрэвдоржийн Орхон “Бага дэлхийн аварга”-ын “босоо” аварга

29 дэх удаагийн Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн барилдаан болж, манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэв.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 2017 оны дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон “Бага дэлхийн аварга” хэмээгддэг Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д сүүлийн гурван жил дараалан түрүүлж, “босоо” аварга гэдгээ харууллаа. Түүний жинд 15 бөх зодоглосноос тэрбээр 1/8 шигшээд нутаг нэгт спортын мастер Х.Болортуяаг оноогоор цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Кан Яныг цэвэр, хагас шигшээд өнгөрсөн жилийн финалд ялж байсан эзэн орны Инна Тражуковаг 10:8-аар, шигшээ барилдаанд Японы Кива Сакаег оноогоор цэвэр (10:0) ялснаар Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа. П.Орхон Монголын бөхчүүдээс Красноярскын тэмцээнээс 12 дахь алтан медалийг эх орондоо авчирч байгаа бөгөөд гурван түрүү нь түүний нэр дээр бичигдэж байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр шөвгийн наймд эзэн орны Ольга Хорошавцева, хагас шигшээд Александра Андреева нарыг цэвэр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жан Квид 4:6-гаар ялагдав. Уг нь манай бөх 4:0-ээр илүүрхэж яваад барилдааны төгсгөлд зургаан оноо алдаж, гарт байсан алтан медалиа нанхиадын бөхөд тавиад туучихсан юм. Энэ нь түүний Красноярскын “Алтан Гранпри”-гийн хоёр дахь медаль (өнгөрсөн жил 58 кг-д хүрэл медаль хүртсэн) болж байна.

Харин Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл, “Mongolia Open” ОУТ болон улсын хошой аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо Красноярскын ‘Алтан Гранпри’-гээс хоёр жил дараалан 125 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Тэрбээр эхний тойрогт эзэн орны Анзор Хизриевт 2:4-өөр ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарсан тул дагах барилдаан гарсан юм. Улмаар дагах барилдаанд Казахстаны Расул Хатаевыг 5:0-ээр, Кубын Юдени Эстевезийг 4:2-оор, хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн наадам болон Пан Америкийн гурван удаагийн аварга, АНУ-ын хашир туршлагатай бөх Зак Рейг 3:2-оор тус тус ялж, медалийн тавцанд зогсох эрхтэй болсон. Н.Золбоо ‘Алтан Гранпри’-гээс Монголын эрэгтэй бөхчүүдээс хүнд жинд хоёр удаа медаль хүртсэн анхны бөх болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2002 онд мөнгө, ОУХМ Ж.Чулуунбат 2015 онд хүнд жинд хүрэл медаль хүртэж байв.

Хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-д хашир туршлагатай ОУХМ Д.Цогтбаатар энэ жилийн Туркийн аварга Селахаттин Киличэд, ОУХМ Б.Батмагнай манайхны эчнээ танил Тувагийн Начын Кууларт, 125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Ник Гвяздовскид, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал ОХУ-ын Наталья Малышевад, 57 кг-д А.Батцэцэг Кубын Лианна Монтерод хүрэл медалийн төлөөх барилдаанд тус тус ялагдлаа.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж