Ц.Цэвэрбал: Би сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Ц.Цэвэрбал: Би сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч

Ц.Цэвэрбал: Би сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч

Монголын сагсан бөмбөгийн холбооноос (МСБХ) өнөөдөр (2018.01.29) MN мэдээллийн төвд  мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба нарын хүмүүс оролцов. 

Сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн холбоодын асуудал маргаан дагуулсаар ирсэн. 

Тус холбооны албан ёсны ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал гэдэг боловч  хуучин нэр, тамга, тэмдгийг өмнөх ерөнхийлөгч Б.Тамир одоо хүртэл ашиглаж байгаа талаар тэд эхлээд ярив. Үүнээс болж холбоон дотор зөрчил үүссэн хэвээр байгаа ажээ. 

Өнөөдрийн хэвлэлийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нарт хандан сагсчдаа аврахыг хүсч байгаагаа дээрх хүмүүс онцлов. 

Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү 2017 оны нэгдүгээр сарын 18-нд Монголын сагсан бөмбөгийн холбооны Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон А/47 тушаал гаргажээ. Улмаар Монгол Улсын гурван шатны Шүүхээр хэлэлцсэн эцсийн шийдвэрийг Монгол Улсын дээд шүүх тогтоолоо гарган шийдвэрлэж, МСБХ-ны хууль ёсны ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба гэдгийг дахин нотолсныг тэд танилцууллаа. 

Ц.ЦЭВЭРБАЛ:

-Энэ маргаанаас үүдэн Монголын сагсан бөмбөгийн холбооны нэр, хүчингүй болсон хуурамч тамгыг ашиглан өөрийгөө МСБХ-ын ерөнхийлөгч гэж мэдэгдэж буй Бэхбатын Тамир гэх хүн хууль бус үйл ажиллагаа явуулсаар дөрвөн жил боллоо. Мөн БТСГ-ын дарга Ц.Шаравжамц Б.Тамиртай нийлж, хууль бус тамга ашиглан, үйл ажиллагаа явуулж байгааг зогсоох хэрэгтэй. Энэ байдлаас үүдэж сагсан бөмбөгийн шигшээ баг нэрийн дор тамирчдыг цалинжуулах, бэлтгэл сургуулилт хийх зардал гаргах, гадны хөрөнгө оруулалтыг хууль бус холбоогоор дамжуулан тараахаас гадна хууль бус холбоонд Спортын төв ордныг ашиглуулж байна. Иймээс МСБХ-ны хууль ёсны удирдлагууд болох Ц.Цэвэрбал, Б.Дамба нар тамирчдын эрх ашгийг хамгаалан Үндэсний дээд лигийн тоглолтыг Спортын төв ордонд тоглуулах, хууль бус этгээдүүдтэй хамтран хийж буй ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Ц.Цогзолмаа нараас хүсч байна. Сагсан бөмбөгийн спортод үүсээд байгаа хагарал, хуваагдал, хямралыг зогсоохыг бид хүлээж байна.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж