Бэлэн мөнгөний машин буюу ATM үйлдвэрлэгч “Diebold Nixdorf Inc” болон “NCR Corp” компаниуд кибер гэмт хэрэгтнүүд “Жэкпот” гэх нэрээр хакеруудын дунд алдаршсан нууц программ ашиглан АНУ-ын автомат теллерийн машинаас их хэмжээний мөнгө гаргаж авч буй талаар анхааруулжээ.
Гэвч энэ хэргийн улмаас ямар компани хэдий хэмжээний хөрөнгөөр хохирсон талаар мэдээлэл байхгүй юм. Сүүлийн жилүүдэд ATM-ээс “Жэкпот” программ ашиглан их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг улам нэмэгдэж байгаа гэнэ.
Сүүлд ийм халдлага өнгөрсөн бямба гаригт гарсан талаар “Krebs on Security” мэдээлжээ. Кибер халдлагаас сэргийлэх тухай анхааруулгад “NCR Corp” ATM-аас мөнгө хакердсан тохиолдлууд одоогоор АНУ-д л бүртгэгдээд байгаа талаар дурьджээ. Үйлчилгээнд байгаа АТМ бүгд хакеруудын халдлагаас сэргийлсэн тоноглолгүй байгаа нь үйлдвэрлэгчдийн санааг ихэд зовоож байгаа аж.
АНУ-ын хууль сахиулагчид “Diebold Nixdorf” компанид хэдэн жилийн өмнө үйлдвэрлэлийг нь зогсоосон Opteva загварын ATM-д хакерууд нэвтэрч болзошгүй талаар анхааруулж байжээ.
АНУ-ын тагнуулын байгууллагаас анхааруулж буйгаар хакерууд хөл хөдөлгөөн багатай, гадна талбайд суурилуулсан, тээврийн хэрэгсэлд зориулсан АТМ-ыг ихэвчлэн дээрэмддэг гэнэ.
Эх сурвалж: Reuters