Элэг бүтэн амьдрал бэлэглэсэн есөн цаг

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Элэг бүтэн амьдрал бэлэглэсэн есөн цаг

Элэг бүтэн амьдрал бэлэглэсэн есөн цаг

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа үнэ төлбөргүй хийлээ

Түр ч атугай сатаарах санаатай ном дэлгээд суусан ч 40 орчим насны тэр бүсгүй сэтгэлээ хатамжлах амаргүй байгаа нь илт. Амьд донороос элэг солиулах хагалгаа хийлгэх шаардлагатай болсон эр нөхрөө мэс заслын тасаг руу дөнгөж үдээд хоцорсон түүний сэтгэл шимширч, нулимс нь урсана. Дагаж ирсэн бага насны хоёр хүүхэд нь ч ялгаагүй ээжтэйгээ хамт аавынхаа төлөө залбиран сууна. Сэтгэгдлээ хуваалцахыг хүссэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар гэр бүл маань элэг бүтэн…” гээд дуу нь цаашаа орж, хоолой нь зангиран, нулимс нь бөмбөрлөө. Тайвшрахыг нь хүлээсэн ч тусыг эс олов.

Харин нөхөр нь зовхио даахгүй болж, томоо гэгч дугуй хурц гэрлүүд бүдгэрсээр, мэс заслын орон дээр гүн нойронд автав. 42 настай М-д эмч нар дөнгөж унтуулах тариа хийгээд буй нь энэ. Түүнд элэг солих хагалгаа хийхээр мэс заслын үндсэн багаас гадна унтуулах эмч нарын, хагалгааны дараах хяналтын, рентген, ариутгал, лабораторийн гээд нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ид ажиллаж байна. Вакум цонхоор тусгаарлагдсан нөгөө талын өрөөнд донорыг аль хэдийнэ унтуулж, элэг тайрах мэс ажилбараа эхлүүлсэн байлаа.

ДОЛООН САР ХҮЛЭЭСЭН ЭГЗЭГТЭЙ ӨДӨР

Элэг нэгтэй хоёр хүүгийнх нь хагалгаа амжилттай болж, эргээд эсэн мэнд уулзахын төлөө ар гэрийнхэн нь эрхээ эргүүлж, мааниа тоолон эмнэлгийн коридорт хүлээнэ. Эдний гэр бүл эгзэгтэй боловч азтай энэ өдөрт өнгөрсөн зургадугаар сараас хойш бэлтгэжээ. Сүүлийн гурван жилийн турш ХСҮТ-ийн хяналтад байсан М элгээ яаралтай солиулах шаардлагатай болсон ч мэс заслын төлбөрт зарцуулах 50-80 мянган ам.доллар буюу 125-200 сая төгрөг байсангүй. Хань ижил, үр хүүхэдтэйгээ ахиад хэдэн жил амьдрахын тулд тэрбээр боломжийнхоо хэрээр л эмчилгээ хийлгэж байв. Гэвч эцсийн найдвар нь мэс засал. Азаар түүнд олон сайхан сэтгэл, сайн үйлсийн буянаар амьд явах хувь тохиох нь тэр. Элэгний B, C вирусийн улмаас жилд олон арваараа цаг бусаар өнгөрч буй монголчуудаа аварч, эх оронд нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх төсөл ХСҮТ дээр ид өрнөж байлаа. Эмнэлгийн удирдлага 2011 оноос хойш боловсон хүчин болон багаж тоног төхөөрөмжөө бэлтгэж анхны үнэ төлбөргүй мэс засал хийх өвчтөнөөр М-ийг сонгожээ.

БНСУ-ын Samsung эмнэлэг болон ХСҮТ-ийн эмч нарын долоон жилийн хамтын хөдөлмөр, салбарын яам, “Элэг нэгт монголчууд” ТББ, нийслэлийн удирдлага, хувийн хэвшил гээд халуун сэтгэлт олон хүний буянаар тэрбээр түүхэн үйл явдлын оролцогч болов. Ням гарагт буюу энэ сарын 28-ны 10.00 цагт ХСҮТ бүрэн бүрэлдэхүүнээрээ М-д элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын Samsung эмнэлгийн эмч нарын зөвлөх удирдлага дор эхлүүлэв. Биднийг ХСҮТ- д 07.30 цагт очиход захирал Ж.Чинбүрэнгээр ахлуулсан мэс заслын баг, Samsung эмнэлгийн эмч нар өвчтөн, донорын ар гэрийнхнийг байлцуулан үйл ажиллагааг нээсэн юм. Зөвхөн элэгний өвчлөлөөр гэхэд жилд 2000-аад хүнийг оношилж, эмчилдэг тус эмнэлгийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч Р.Мөнхбатын хэлж буйгаар үндсэндээ гурван гол хагалгаа хийх аж. Тэрбээр “Донорын элгийг тайрах, дунд болон өвчтөний элгийг авч донорын элгийг залгах мэс заслууд 8-10 цаг үргэлжилнэ гэж тооцоолсон” хэмээв.

  • Өвчтөн эгзэгтэй боловч азтай энэ өдөрт өнгөрсөн зургадугаар сараас хойш бэлтгэжээ.

  • Есөн цаг гаруй үргэлжилсэн элэг солих мэс засал ямар нэг хүндрэлгүй өндөрлөв.

  • Мэс заслын дараа насан туршдаа уудаг дархлаа дарангуйлах эмийн төлбөрийг даатгалын сангаас олгох шаардлагатай байна

Гэхдээ түүнээс ч олон цаг үргэлжилж магадгүй аж. Хоёр жилийн өмнөөс элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг болсон Улсын клиникийн төв эмнэлэг (УКТЭ)-ийн туршлагатай баг ийм хагалгааг 22-36 цаг хийдэг аж. Тиймээс нөхцөл байдлаас шалтгаалан цаг хугацаа өөрчлөгдөж магадгүй гэнэ. Харин донорын элгийг тайрах хагалгааг удирдах Ж.Чинбүрэн хагалгааны өмнө “Өвчтөн маань эмнэлгийн хяналтад байхдаа хорт хавдраа идэвхгүй болгох эмчилгээ хийлгэсэн. Харамсалтай нь жилийн дараа хавдар нь дахисан. Элэгний хатуурал, элэгний хорт хавдар гэсэн хоёр оноштой тул элэг солиулах зайлшгүй шаардлагатай болсон” хэмээв.

ХЭН ДОНОР БОЛДОГ ВЭ

Өвчтөнд нагацын талын үеэл дүү болох 20 настай Г нь элэгнийхээ 65 хувийг өгч байгаа аж. Донор эрүүл мэндийн үзүүлэлтээр тэнцвэл Донорын тухай болон Эрүүл мэндийн тухай хууль, бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд хуульчдын баг, ёс зүйн хороо, эмч нарын зөвлөл давхар шалгадаг аж. Бид хагалгаа эхлэхээс гурав хоногийн өмнө бэлтгэл ажлын талаар сурвалжлах явцдаа Р.Мөнхбат эмчээс донор сонгох явцын тухай тодруулсан юм. Тэрбээр “Донорыг гаднаас хайх ямар ч бололцоогүй. Өвчтөний цусан төрлийн буюу элэг нэгтнээс сонгодог. Өөрөөр хэлбэл, ДНХ- ийн хувьд хамгийн сайн тохирох хүн байх ёстой гэсэн үг. Донор сонгох ажлыг Донорын тухай болон бусад холбогдох хуулийн дагуу шийддэг.

Донорын цаана хүний наймааны асуудал сөхөгддөг тул бид эмчийн хувьд хүнээ сонгож, хуульчдын баг донор нь өвчтөнтэй үнэхээр цусан төрөл мөн эсэх, санхүүгийн ямар нэгэн сонирхол ороогүй эсэх гээд маш олон шалгуураар шалгаж байж шийдвэр гаргадаг” хэмээв. Ер нь олон улсын хэмжээнд ч донорын аюулгүй байдлыг нэн түрүүнд авч үздэг байна. Уг нь биеийн байдал нь сайн, хүндрэл гарахгүй бол донор болсон хүн мэс засал хийснээс гурван сарын дараа гэхэд хэвийн амьдралдаа орох бүрэн боломжтой аж.

Донорын нагац эгч болох Ц.Намжилмаагаас элгээ өгөх шийдвэр гаргахад дүүд нь ямар байсныг асуухад тэрбээр “Би ахдаа элгээ өгье гээд өөр бодох санах зүйлгүй, айдасгүй шийдсэн. Эрүүл мэндийн үзүүлэлтээр ч тэнцсэн. Өнгөрсөн оны зургадугаар сард бид хоёр нутгаасаа ирж донорын шинжилгээнд орсон. Үүнээс гадна хоёрдогч донор бэлтгэх шаардлага цаанаасаа тавьдаг юм байна. Бид тэр дагуу хоёр хоногийн өмнө бас нэгэн эмэгтэй дүүгээ авчирч шинжилгээнд хамруулсан. Эрүүл мэндээр мөн тэнцсэн” хэмээн шавилхан биетэй 50 гаруй насны эгч ярилаа.

ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛСОН Ч ТАЙВШИРЧ БОЛОХГҮЙ

Ердөө зургаан цаг хагасын дараа буюу 16.30 цагийн үед хагалгаа 80 хувьдаа дөхөж байна гэх мэдээллийг ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхдэлгэр өглөө. “Мэс засал яг төлөвлөсний дагуу явж байна. Донорын болон дундын хагалгаа дууссан. Одоо өвчтөнд элэг шилжүүлэх ажилбар ид дундаа орсон. Судасны таван залгаас хийхээс дөрөв дэхийг нь буюу артерийн судас залгаж байна” гэсэн юм. …Эмнэлгийн коридор хөл хөдөлгөөнтэй байна. Элэг нэгт ах, дүүгийн ар гэрийнхнээс гадна хэвтэн эмчлүүлэгсдээс нэлээд хэдэд нь эргэлт ирсэн харагдана. Мэс засал дөнгөж эхэлсний дараа сэтгэлээ хуваалцаж чадахгүй байсан эмэгтэй ч тайвширчээ. Хагалгааны үеэр хүндрэл гараагүй, бас ямар нэгэн сөрөг мэдээлэл өгөөгүй тул нөхцөл байдал нам жим байлаа. Гэхдээ хагалгаа амжилттай боллоо гэхэд тайвширч болохгүй. Хагалгааны дараах эмчилгээ хамгийн чухал. Элгээ солиулсан хүн насан туршдаа дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг. Тиймээс нэг талаар бусад төрлийн халдварт өртөх эрсдэл өндөр байдаг аж.

Нөгөөтэйгүүр, дархлаа дарангуйлах бэлдмэлийн үнэ сард л 1.5-2 сая төгрөг болдог нь монгол хүнд тулгарч буй санхүүгийн хамгийн том дарамт гэдгийг эмч нар хэлж байна. М-ийн дархлаа дарангуйлах бэлдмэлийн хагалгааны дараах нэг сарын хэрэглээг эмнэлгээс санхүүжүүлэх юм. “Харин цаашдаа ар гэрийнхэн нь хангана гэдгийг анхаараарай хэмээн эмч хэлсэн” гэж том эгч Ц.Намжилмаа нь ярив. Р.Мөнхбат эмчийн хэлснээр уг нь УКТЭ-т элэг солиулсан хүмүүст дархлаа дарангуйлах эмийг нь улсаас өгдөг. Харин ХСҮТ-ийнхөнд энэ боломж байхгүй аж. “Яагаад ийм ялгавартай байгаа юм бэ” хэмээн тэрбээр зориуд асуув. Энэ оны төсөвт зөвхөн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэ төлбөргүй хийх 5-6 удаагийн хагалгааны зардлыг л тусгасан юм байна. Үүнээс гадна өнгөрсөн намар төсвөө батлуулахдаа дархлаа дарангуйлах бэлдмэлийн үнийг төсөвт суулгуулахаар саналаа салбарын яаманд хүргүүлсэн ч замын дундаас хасагдсан аж. “Салбарын сайд бол ийм зовлонг маш сайн ойлгодог. Ийм саналыг дэмжээд л цааш зүтгүүлдэг. Харин төсөвт суугаагүй учир нь сайдад хүрэхээс өмнө замаасаа “танагдсан” байх.

Гэхдээ одоо ч гэсэн гарц бий. Сангийн болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан журам байхад шийдэгдэх асуудал” гэж “Элэг нэгт монголчууд” ТББ-ыг санаачлагчдын нэг сэтгүүлч Б.Мөнхбаясгалан хэллээ. Тиймээс энэ асуудлыг шийдэхгүйгээр элэг шилжүүлэх хагалгаа тухайн өвчтөнд үр дүнгээ өгсөн гэж үзэх боломжгүй болж байна. Хагалгаанаас хойш таван жилийн дараа өвчтөн амьд байх боломж дэлхий нийтэд 65- 85 хувь байдаг. Харин М-ийн хувьд 75 хувь байна гэж Samsung эмнэлгийн эмч нар дүгнэжээ. Гэтэл дархлаа дарангуйлах бэлдмэлгүйгээр энэ магадлал буурах эрсдэл өндөр. Жилд зөвхөн ХСҮТ-өөр элэг солиулах шаардлагатай иргэдийн тоо 200-д хүрдэг. Дэлхийд элэгний өвчлөлөөр уртаас урт хар жагсаалт “үйлдвэрлэдэг” монголчууд элэгний өвчлөлтэй тэмцэхээр дээр, дооргүй тэмцэж буй. Тиймээс элэгний хорт хавдартай хамгийн сайн тэмцэж чадсан үндэстэн гэж дэлхий нийтэд мэдэгдэхийн тулд энэ бүгдийг цогцоор нь шийдэхийг шийдвэр гаргагчдаас хүсмээр байна. Дугаар шилжих мөчид есөн цаг гаруй үргэлжилсэн хагалгаа ямар нэг хүндрэлгүй өндөрлөсөн хэмээн ХСҮТ-өөс мэдээллээ.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж