Ардчилсан намаас өнөөдөр /2018.01.29/ У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажилд хийсэн дүгнэлтээ таницууллаа. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай оролцов.
О.Магнай:
-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад, 100 хоногтойгоо золгож байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахдаа анх 800 тэрбумын концессийн асуудлыг хөндөж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгааг шүүмжилж, төрийн албыг чадавхижуулна гэж гарч ирсэн. Мөн 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор холбогдох хүмүүст нь улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэж амлаж байсан. Гэтэл тэгж чадсангүй.
Макро эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлтээс энэ Засгийн газрын ямар ажилласныг дүгнэж болохоор байна. Тухайлбал, 2016 оны зургадугаар сард ам.долларын ханш 1850 байсан бол өнөөдөр 2470 төгрөг болсон, инфляци 1,2 хувьтай байсан байсан одоо долоон хувь боллоо. Ядуурал гурван функт, ажилгүйдэл таван функтээр нэмэгдсэн байна. Энэ бол МАН-ын Засгийн газар ажлын байр нэмээгүй, макро эдийн засгаа дэмжих нэг ч бодлого хэрэгжүүлээгүй байна гэсэн үг юм. Энэ Засгийн газар зуух тараасан, Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан, шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн, татвар нэмсэн. Том төслүүдээ хөдөлгөх ямар ч дүр зураг гаргалгүй 100 хоногийг үдэж байна. Ерөнхийд нь дүгнэвэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар маш муу ажилласан.
Ш.ЧИМЭГ