“Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан гомдоллов

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан гомдоллов

“Иргэдийн шударга шүүх” ТББ “Бодит нийгэм” нээлттэй хаалганы өдрийг наймдугаар сарын 26-28-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлтээ өгчээ. Гэвч тэдний хүсэлтэд дүүргийн зүгээс татгалзсан хариу өгсөн байна. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр энэ талаар мэдээлсэн юм. Сүхбаатар дүүргээс тэдний үйл ажиллагааны учир утгыг бүрэн гүйцэд ойлгоогүйн улмаас дээрх хариуг өгсөн байх хэмээн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэлэв. Учир нь тус дүүргээс Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Нийгмийн ардчилал залуучуудын холбоо, Энхийн их наадам ТББ-д Сүхбаатарын талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчихөөд байгаа учир “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас эргэн асуулга хүргүүлж байгаа гэнэ. Ямар хууль зүйн үндэслэлээр тус байгууллагын өдөрлөг явуулах хүсэлтэд татгалзсан хариу өгөх болсныг тэд   тайлбарлуулахыг хүсч байгаа ажээ.

Гэхдээ тэд “Иргэдийн шударга шүүх” ТББ-д төрийн албан байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 10 мянга гаруй баримт, материал байгаа учраас наймдугаар сарын 26-28-нд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг төлөвлөснөөрөө хийх болно гэдгээ мэдэгдсэн ч Сүхбаатарын талбайд зөвшөөрөл өгөхгүй байгаа тул хаана хийхээ эргэн мэдэгдэнэ гэлээ.

Хэвлэлийн хурал зохион байгуулагчдын хэлснээр нийт 130 гаруй төрийн болон төрийн бус байгууллагад хандан энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийг хамтран зохион байгуулахыг хүссэн хүсэлт хүргүүлээд байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам, Цагдаагийн байгууллагууд хамтарч ажиллах саналаа ирүүлсэн байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж