Рэппер Жэй Зи Трампыг “Супер нян” гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Рэппер Жэй Зи Трампыг “Супер нян” гэв

Рэппер Жэй Зи Трампыг “Супер нян” гэв

Рэппер  Жэй-Зи АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Африк-Америк гаралтай иргэдийн талаар явуулж буй бодлогыг шүүмжилж, өөрийг нь “Супер нян” хэмээжээ.

Харин Трамп үүний хариуд олон нийтийн цахим сүлжээ твиттерээр "Миний явуулж байгаа бодлогын дүнд өнгөт арьстнуудын дунд ажилгүйдлийн хэмжээ хамгийн доод түвшинд хүрсэн гэдгийг Жэй Зид уламжилж өгөөч” гэжээ.  АНУ-д Африк-Америк гаралтай иргэдийн дунд ажилгүйдлийн хэмжээ 6.8 хувьд хүрсэн нь урьд хожид байгаагүй үзүүлэлт ажээ.  

Зарим шинжээчид хэлэхдээ ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргааны үед эдийн засаг сэргэж, өсөх хандлага бий болсон ч өнгөт арьст иргэдийн дунд ажилгүйдлийн хэмжээ цагаан арьстнуудынхаас хэд дахин их байсан хэмээн шүүмжилсэн байна.

Жэй Зи CNN-ийн “The Van Jones Show” нэвтрүүлэгт  оролцохдоо “Та бид хогийн сав руу хаа сайгүй үнэртэй ус цацсантай адил шийдвэр гаргасан. Хогийн сав руу үнэртэй ус цацвал нян л үүснэ шүү дээ. Хогийг гаргаж хаяхгүй, цацаад л байвал нян улам үржиж, супер нян болж хувирна.  Харин бид одоо Трамп хэмээх “супер нян”-тай болчихоод байна” гэжээ. Жэй Зи Барак Обамагийн засаг захиргааны үед түүний бодлогыг дэмжигч байсан бөгөөд 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хиллари Клинтоныг мөн дэмжиж байсан юм.

Шоуны үеэр Трамп Африкийн улс орнуудыг “Өмхий хар нүх” хэмээн нэрлэсэн тухай асуудлыг сөхсөн бөгөөд рэппер Жэй Зи “Энэ бол ард иргэдийг бүхэлд нь доромжилсон гутамшигтай хэрэг” хэмээжээ.

Африкийн орнуудын холбоо АНУ-ын Ерөнхийлөгчийг улс үндэстнүүдийг гутаан доромжилсныхоо төлөө уучлал гуйхыг шаардсан. Харин Трамп өөрийгөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч биш хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж