Гималайн нуруунд орших хамгийн хүнд хэцүү, эрсдэл өндөртэйд тооцогддог Нанга Парбат оргилоос буух явцдаа хүнд байдалд орсон хоёр уулчны нэгийг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.
Польшийн мэргэжлийн уулчдаас бүрдсэн аврах багийнхан эрэн хайх ажиллагаа явуулж, Францын уулчин Элизабет Револыг олж, аварсан байна. Цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас түүнтэй хамт авиралт хийж байсан Польшийн алдартай уулчин Томаш Мацкевичийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Өндрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт бичигдэх Нанга Парбат /8126 метр/ оргилд тэд цаг агаар харьцангуй тогтуун хэсэгхэн үеийг ашиглаж, нэгдүгээр сарын 25-нд амжилттай гарсан ч буух замдаа хүнд байдалд орсон байна. Уулчид 7400 метрийн өндөрт байрлах отогт очоод сураг тасарчээ. Элизабет Револ сансрын холбоогоор мессеж илгээснээр тэднийг эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн байна.
Пакистан дахь Польш болон Францын Элчин сайдын яамд хамтран аврах ажиллагааг зохион байгуулж, ойролцоох K2 ууланд авиралт хийхээр очоод байсан Польшийн Үндэсний экспедицийн уулчдыг дайчилжээ. Аврах багийнхан Револыг аврахаар шөнийн туршид Нанга Парбат оргилыг самнасан байна.
“Элизабетыг Исламабадын эмнэлэгт хүргэсэн. Гар, хөл нь гүн хөлдөлттэй байгаа” гэж Револын найз Людовик Жиамбиаси фейсбүүктээ бичжээ.
АВРАХ АЖИЛЛАГАА ХЭРХЭН ЯВАГДАВ?
К2 ууланд өвлийн авиралт хийхээр очоод байсан Польшийн дөрвөн уулчны бүрэлдэхүүнтэй баг Пакистаны цэргийн онгоцоор Нанга Парбат руу дөхөж буусан байна. Тэднийг төөрсөн уулчдын хамгийн сүүлд мэдэгдсэн байрлалаас 1000 метрийн доор буулгажээ. Аврах багаас Денис Урубко, Адам Биелецки нар түнэр харанхуйд авиралтаа эхлүүлсэн бол Ярослав Ботор, Пётр Томала нар үндсэн отгоо байгуулахаар үлдсэн байна.
Револыг олсон даруйдаа буцааж отогт авчирчээ. Цаг агаарын нөхцөл байдал хүнд, шөнө дунд байсан зэргээр шалтгаалж таван цаг хагасын дараа отогт хүргэсэн байна. Орон нутгийн цагаар ням гаригийн өглөө уулчдын багийн фейсбүүк хуудсанд “Элизабет Револыг олж, аварлаа” гэж мэдэгджээ.
Револыг отгоос шууд нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн байна.
ТОМАШ МАЦКЕВИЧИЙН ЭРЛИЙН АЖИЛЛАГААГ ЯАГААД ЗОГСООВ?
Оргилоос буух явцад Мацкевич цасны сохролт болж, биеийн байдал нь тавгүй болжээ. Улмаар Мацкевич үлдэж, Револ түрүүлж буусан байна.
“Харамсалтай нь, Томашийг аварна гэдэг боломжгүй. Цаг агаарын нөхцөл байдал, өндрийн хэмжээ зэргээс шалтгаалж аврах багийнхныг туйлын эрсдэлтэй байдалд хүргэх аюултай. Сэтгэл өвдөм, хүнд шийдвэр боловч үүнээс өөр арга байхгүй. Бид бүхэн гүнээ харамсаж байна. Томикийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэж Жиамбиаси бичжээ.
Пакистаны хойд хэсэгт орших Нанга Парбат оргил нь 8126 метрт орших бөгөөд өндрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт бичигддэг байна. Анх 1953 онд оргилыг эзэлснээс хойш 30 гаруй уулчин уг ууланд амиа алджээ.
Өнгөрсөн жил Испани болон Аргентины уулчид оргилыг эзлэх гэж яваад цасан нурангид дарагдаж, амиа алдсан юм. 2013 онд Нанга Парбат дахь үндсэн бааз руу зэвсэглэсэн этгээдүүд дайрч, олон улсын 10 уулчин, пакистан хөтчийн хамт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарч байжээ.
С.ЦЭЛМЭГ