МАН-ын эрх баригчидаас ингэж асуухаас аргагүй болжээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, цалин тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ хэмээн УИХ-д 65-уулаа тухалсан МАН-ынхны үйлдэл бүхэн амлалтынхаа эсрэг байгаа. ОУБС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд цаасан дээрх тоо харж байгаад татвар нэмэх ёстой гэж үзсэн МАХН-ын муйхар шийдвэр үйлдвэрлэгчдийн үйлийг үзэж байна.
Үндэсний үйлдвэрлэл гэхээрээ л үнээ нэмж болдоггүй. Дотоодынх болохоор дор бүрнээ монголчуудаа цалинжуулах ёстой, улсынхаа нэрийг бодож урдаа барих технологи нэвтрүүл. Ийм шаардлага, шахалтын дор үндэсний үйлдвэрлэгч хэдэн компани ашигтай гэхээсээ алдагдал хүлээж өдийг хүргэсэн нь үнэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өнөө л үйлдвэрлэгчид маань гурил, талх, гоймон, сүүгээрээ тогтоон барьж байгаа. Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан “Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал-2017” тайлангаас харахад хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх оныхоос 6.5 хувиар өсөхөд импортын бараа, орон сууц, ус, цахилгааны үнэ голлож нөлөөлжээ. Судалгаанд сонгогдсон бараа бүтээгдэхүүнээс дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдийн өөртөө үүрдэг ачааны илэрхийлэл. Учир нь үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай цахилгаан, ус, түүхий эдийн үнэ тогтмол өсч иржээ.
Ашиггүй ч амьжиргаа залгуулж ирсэн үйлдвэрлэгчдээ МАН-ын татвар нэмэгдүүлэх бодлого сөхрүүлж байгаа тухай бизнес эрхлэгч, эдийн засагчид ярьж байна. Энэ оноос долоон төрлийн татвар нэмэгдүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдэд үүдээ барих, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гэсэн хоёр сонголтын нэгийг хийхээс аргагүй болгож байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж, нэг хувийг нь ажил олгогч, үлдсэнийг нь ажилтан төлж эхэлснээр дийлэнх иргэдийн цалин буурчээ. Үйл ажиллагаа нь тогтвортой явж ирсэн хэдхэн үйлдвэрлэгчид төрийн энэ харалган шийдвэрээс болж ажиллах хүчээ өмнөд Солонгос руу алдахад хүрч байгаагаа халаглан ярьсан. Ажилтнууддаа ахиу цалин өгөөд ажиллуулахаар татварт дарлуулж, алдагдлаа нөхөх гэхээр бүтээгдэхүүнийхээ үнийг одоогийнхоос нугалсан үнээр нэмэх тооцоо гараад байгаа тухай бодит байдлыг тэд ярьсан. Энэ тухайгаа Ерөнхий сайдтай уулзах үеэр ч бизнес эрхлэгчид хэлсэн билээ.
Хэдийгээр энэ мэт олон бэрхшээл байгаа ч үйлдвэрлэгчид шатахуун импортлогчид шиг бойкот, ард түмнийг эрх баригчидтай нийлж туйлдуулсангүй. өнөөдрийг хүрсэн нь үнэн. Шатахуун импортлогчид бензинээ зарахгүй хэдхэн хоноход МАН-ынхан татвараа тэглэн, бууж өглөө. Гэтэл өнөөх импортлогчид дизель түлшний үнийг литр тутамд 200, АИ-95 бензин 230 төгрөгөөр нэмж чадлаа.
Судалгаагаар зах зээлд борлуулагдаж байгаа импортын бараа бүтээгдэхүүний үнэ татвар нэмэгдэж, шатахууны хомсдол үүссэнээс хойш 5-15 хувиар нэмэгджээ. Одоо үйлдвэрлэгчид гурил, талх, гоймон, сүүнийхээ үнийг нэмэхээс аргагүй болсноо ярьцгааж байна. Өөрөөр хэлбэл, МАН татвараа нэмснээр талхныхаа үнийг алдахад хүрлээ. Эсвэл үйлдвэрлэгчид үнээ барьж байгаад үүдээ хаавал яах бол. Тэр үед туйлдсан иргэд хүнсний хомсдолд орвол МАН хариуцах уу, урдаа барьдаг валютын сан нь арыг нь даах болов уу. Монгол Улсын эдийн засаг үйлдвэрлэгчдээ сөхрүүлж, иргэдээ туйлдуулах хэмжээнд хүрэв үү гэтэл сайд нь гурван зуун саяын үнэтэй унаагаар зуурхан газарт зугаалж явах юм. Валютын санг бамбай болгосон МАН-ынхан өөрсдийгөө туйлуулсан, сонгогчдоо туйлдуулсан харалган бодлого байдлыг ийм болгожээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг алдахгүйн тулд шатахуун импортлогчдын татварыг тэглэлээ. Тэгэхээр АИ-92 бензиний үнэ нэмэгдэхгүй” гэж мэдэгдсэн. Харамсалтай нь импортлогчид бараагаа дизель түлш хэрэглэдэг том оврын автомашинаар зөөдөг. Үйлдвэрлэгчид ч түүхий эдээ шатахуунаар ажилладаг машинаар татдаг. Литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны нэмэгдэл өргөн хэрэглээний барааны үнийг өсгөхөөс аргагүйд хүрснийг эрх баригчдад дахин дахин сануулмаар байна.