Москва хотод ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн жагсаалын үеэр өчигдөр /2018.01.28/ сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный болон өөр 15 жагсагчийг баривчилжээ. Ирэх гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа нэр дэвшиж буй ерөнхийлөгч Владимир Путин ялалт байгуулах магадлал өндөр байгаа юм. Хэрэв Путин сонгуульд ялалт байгуулвал дахин зургаан жил бүрэн эрх хэрэгжүүлнэ.
Сөрөг хүчний тэргүүн Навальныйг баривчлах үеэр түүнийг дэмжигчид эсэргүүцэл үзүүлснээс болж цагдаа нар бороохой хэрэглэхэд хүрчээ.
Навальныйг баривчлан цагдаагийн машинаар авч явах зуур тэрбээр твиттер хуудсандаа “Намайг баривчиллаа. Гэхдээ энэ юу ч биш. Та бүхэн миний төлөө биш, өөрсдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө жагсаарай” хэмээн бичиж амжжээ. Удахгүй Навальныйг барьцаагүйгээр сулласан талаар Ройтерс агентлаг мэдээлэв.
Олон нийтийн цахим сүлжээнд асар олон дагагчтай, авлигын эсрэг тэмцдэг Навальный ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Үүний шалтгаан нь ирэх сонгуульд Путин ялалт байгуулах магадлал өндөр байгаа билээ.
Кремлийн эрх баригчдыг хатуу шүүмжлэгч Навальный луйврын хэргээр ял сонссон учраас түүнийг сонгуульд өрсөлдөхийг хориглосон. Харин Навальный үүнийг Путины өрсөлдөгчөө замаасаа зайлуулах улс төрийн явуулга гэж тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: CNN